Мэндчилгээ

Монголчууд бид шагайн харвааны олон зуун жилийн бахархам уламжлалтай ард түмэн билээ. Олон мянган жилийн нүүдэлчин амьдралын явцдаа та бид хүн төрөлхтний түүхэнд давтагдашгүй уламжлал зан үйл, өв соёлыг, түүний дотор шагайгаар нааддаг өвөрмөц нэгэн соёлыг бүрдүүлэн буй болгосон бөгөөд тэр нь та бидний Дэлхийн бусад улс үндэстний дундаас ялгаран танигдах онцлог болсон байна.

XIII зууны тэртээгээс уламжлалтай Монголчуудын шагайн харвааны XXI зууны үеийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх түүхэн үүргийг хүлээсэн Монголын Шагайн харвааны холбооны мэдээллийн цахим хуудас Таны өмнө байна.

Та эндээс Монголчуудын шагайн харвааны түүх, өнөөгийн хөгжлийн түвшин, цаашдын чиг хандлага, МШХХ-ны зорилго, чиглэл, зохион байгуулалтын бүтэц, бодлого, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээлэл авах бололцоотой.

Мөн МШХХ-ны салбар холбоо, зөвлөлүүдийн үйл ажиллагааны талаар болон нэртэй харваачид, өвлөн тээгчдийн тухай мэдээлэл, шагайн харвааны тэмцээнүүдийн болон шагайн харвааг шимтэн сонирхогчид, шагайн харвааны эд хэрэгсэл урлаачдын, баг хамт олны амжилтын, шагайн харвааны сургалт, судлалын мэдээ зэргийг цаг алдалгүй мэдээлэх болно. Өнөөдөр мэдээлэл технологийн эрчимтэй хөгжлийн үр дүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бололцоо өргөжиж, хурд нь нэмэгдэж байгаа өнөө үед мэдээллийн шинэ технологиудыг үйл ажиллагаандаа бодитоор ашиглаж, түүний хэрээр хариуцлагын тогтолцоогоо бэхжүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна.

Та www.shagainkharvaa.mn цахим хуудаснаас Дэлхийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын Шагайн харвааны ертөнцөд өрнөж буй үйл явдлуудын талаар бодитой үнэн зөв мэдээллийг авах болно.

Эрхэм хүндэт харваачид, өвлөн тээгчид, шагайн харвааг шимтэн сонирхож, мөн түүнийг бүтээхэд гар бие оролцон сонирхолтой мэдээллүүдийг бидэнд илгээхийг хүсч байгаагаа илэрхийлье.

Та биднийг эвийн тэнгэр ивээж, цэцийн хийморь даллах болтугай.

ХҮНДЭТГЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭДЭВДОРЖИЙН ЭНХБАТ