Үндэсний шагайн харваачдад цол, зэрэг олгох болон
малгай, малгайн тэмдэг, залаа, залааны чимэг, энгэрийн
тэмдэг хэрэглэх заавар журам

Зорилго:

Шагайн харваачдад цол, зэрэг олгох журмыг шинэчлэн боловсруулж, цол зэрэг олгох эрх бүхий субьектыг тодруулах
Харваачдын хувцас, малгай, малгайн тэмдэг, залаа, залааны чимэглэл, энгэрийн тэмдэг гэх мэт хэрэглэлийг стандартжуулах, тодорхой жишиг, хэв маягийг тогтоож, хэрэглүүлэх.

Нийтлэг үндэслэл:

Монголын Үндэсний Олимпийн хорооноос зохиож буй биеийн тамир спортын үзэл санааг дэмжиж үндэсний шагайн харвааг Монгол улсын хэмжээнд  хөгжүүлэх, Монгол шагай харваа нь ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтөний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэнтэй холбогдуулан гадаад улс оронд шагайн харвааг сурталчлан хөгжүүлэх, шагайн харвааг төрийн бодлого шийдвэрт тусгуулах талаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага гарч ирсэн. Үүнээс үүдэн, шагайн харвааг шинжлэх ухааны үндэслэлтэй, уламжлалт ёс жаягийг хадгалсан, орчин үеийн хөгжилд нийцүүлэн хөгжүүлж, залуу халааг бэлтгэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна харваачдын гаргасан амжилт, ур чадварт тохирох цол зэргийг батлагдсан журмын дагуу олгох, хувцас хэрэгсэл, малгай, малгайн тэмдэг, залаа, залааны чимэглэл, энгэрийн тэмдэг зэргийг стандартанд оруулж батлагдсан журмыг нийтээрээ дагаж мөрдүүлэн ажиллах шаардлагатай байна.

Монголын шагайн харвааны холбооны
цол, зэрэг олгох журам

Үндэслэл:

Монголын шагай харваа нь “ЮНЕСКО”-ийн Хүн төрөлхтөний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэнтэй холбогдуулан шагайн харвааны цол зэрэг олгох асуудлыг илүү боловсронгуй болгож, шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан, дэг жаяг, стандарт тогтоон  төр засгийн түвшинд авч үзэх, улс, аймгийн цолны нэр хүндийг бүрэн утгаар нь баталгаажуулснаар энэхүү үндэсний уламжлалт өв соёл болох шагайн харвааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх нэг алхам болох юм.

МШХХ нь энэхүү журмыг нийт шагайн харваачдад сурталчлан таниулж, эдлүүлж хэрэглэхэд нь хяналт тавин ажиллах үүрэгтэй.

 

Цол зэрэг олгох эрх бүхий этгээд:

МУ-ын ерөнхийлөгч:

  • Монгол улсын даяар дуурсах дархан мэргэн цол /улсын баяр наадмын хуулинд өөрчлөлт шинэчлэл ороход төсөл өгч оруулах/

Улсын цол зэргийн хороо:

  • Спортын мастер
  • Спортын дэд мастер

МШХХ-ны цол зэрэг олгох комисс:

  • МУ-ын үлэмж дархан мэргэн
  • МУ-ын дархан мэргэн
  • МУ-ын гарамгай мэргэн
  • МУ-ын хошой мэргэн
  • МУ-ын мэргэн
  • МУ-ын харьшгүй мэргэн
  • МУ-ын хүндэт харваач
  • МУ-ын өсөх идэр мэргэн

Монголын шагайн харвааны зарим нэг цол, зэрэгт орсон өөрчлөлтүүд:

  • МШХХ-ны дээд цол “Даяар Дуурсах Дархан Мэргэн” цол шинээр
  • МУ-ын Мэргэн цолыг Хошой мэргэн
  • МУ-ын Дэд мэргэн цолыг Мэргэн

Эдгээр цол зэргүүдийг өнөө үеийн бусад спортын холбоодын нийтлэг жишигт дүйцэх хэмжээний цол зэргүүд гэж үзэж байгаа юм. МШХХ-ноос харваачдын улсын цол зэрэг, хувцас хэрэглэлийг эдлүүлэн хэрэглүүлэх бодлогын хүрээнд болон ахмад, залуу үеийн харваачдын 500 гаруй санал хүсэлтийг үндэслэн дээрх өөрчлөлүүдийг оруулсан юм.

Шагайн харвааны улсын цол зэрэг олгох шалгуур үзүүлэлтүүд

  1. Монгол Улсын Даяар Дуурсах Дархан Мэргэн: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 10 түрүүсэн
  2. Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 3 түрүүлж, 3 шөвгөрсөн.
  3. Монгол Улсын Дархан мэргэн: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 2 түрүүлж, 2 шөвгөрсөн.
  4. Монгол Улсын Гарамгай Мэргэн: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 1түрүүлж, 2 шөвгөрсөн.
  5. Монгол Улсын Хошой мэргэн цол: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 2 удаа шөвгөрсөн.
  6. Монгол Улсын Мэргэн цол: Улсын наадам, Улсын аварга, Үндэсний спортын их наадамд 1 удаа шөвгөрсөн.
  7. Монгол Улсын Харьшгүй Мэргэн: Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний багийн харваанд 3 удаа шөвгөрсөн.
  8. Монгол Улсын Хүндэт Харваач: Үндэсний шагайн харваагаар олон жил харвасан, залуу үедээ зааж сургах, өвлүүлэх тал дээр тодорхой санаачлага гарган ажиллаж амжилтанд хүрсэн нь тодорхой баримтаар баталгаажсан, 60-аас дээш настай.
  9. Монгол Улсын Өсөх Идэр Мэргэн: Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваанд 5 удаа шөвгөрсөн, өсвөрийн харваач байна.

Цол зэрэг олгох журам

  1. МУ-ын шагайн харвааны цол зэргийн болзол хангасан баг, тамирчид багийн дарга нар нь цол зэрэг олгох комиссоос гаргасан МАЯГТ №1-ийг бөглөж, нийслэл, аймгийн шагайн харвааны салбар холбооны тодорхойлолт, албан бичгийн хамт МШХХ-ны дэргэдэх Цол Зэрэг олгох Комисст хүргүүлнэ.
  2. МШХХ-ны дэргэдэх Цол Зэрэг олгох Комисс нь албан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан цол зэргийн комиссыг хуралдуулж, шийдвэр гарган хурлын протоколийг МШХХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулснаар цол зэрэг олгогдоно.

Улсын цол зэргийг дүйцүүлэн олгох журам

  1. 1 түрүүг 2 шөвөгт тооцох
  2. 3 шөвгийг 1 түрүүнд тооцох

Дээрх цол зэргүүдийг 2016 оны 5-р сарын 19-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлын тоот тогтоолын дагуу олгогдох болно.

Цол зэргийг түдгэлзүүлэх үндэслэл, шалтгаан

Улсын цол зэргийн болзол хангасан баг харваачдаас МШХХ-ны дэргэдэх ёс зүйн хорооноос ямар нэгэн зөрчил дутагдал гаргасан болох нь албан ёсоор тогтоогдож, батлагдсан тохиолдолд  улсын цол зэрэг олгогдохгүй.

Улс аймгийн цол, зэргийг эдэлж хэрэглэхдээ МШХХ-оос гаргасан цол, зэрэг хэрэглэх заавар, журам, стандартыг мөрдлөг болгоно. Дээрх заавар журмыг зөрчсөн тохиолдолд ёс зүйн хорооноос арга хэмжээ авч шийдвэрлэнэ.

Үндэсний спортыг дэмжигч байгууллагууд

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Монголын Шагайн Харвааны Холбоо