Монголын Шагайн харвааны холбооны 2018 оны 05 сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар шинэчлэн батлав.

 

Монгол улсын Шагайн харвааны холбооны дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл.

Монголын Шагайн харвааны холбоо /МШХХ/ нь санхүүгийн зохих нөөц, материаллаг баазтай, үндэсний спорт-тоглоом болох шагайн харвааг өөрийн оронд хөгжүүлэн ахмад үеэс суралцах, тэднийг хүндэтгэн уламжилж ирсэн ёс жаягийг залуу хойч үед уламжлуулан өвлүүлэх, тэдэнд сэтгэл зүй бие бялдарын хүмүүжил олгох зорилго бүхий төрийн бус байгууллага мөн.

МШХХ нь Монгол улсын хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж, МҮОХ болон өөрийн дүрмийн хүрээнд төр, соёл, шинжлэх ухаан, аж ахуйн байгууллага, иргэдтэй хамтран ажиллана.

МШХХ нь МҮОХ-гоор хүлээн зөвшөөрөгдсөн түүний бүрэлдэхүүн хэсэг мөн.

Хоёр. Холбооны зорилго

2.1   Шагайн харваагаар хичээллэгсэд, сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, холбооны ажиллагааг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд нийцүүлэн төлөвшүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх.

2.2   Улаанбаатар хот болон харваачдын тоо нь 60 дээш байгаа гадаадын орнууд, тив болон аймгуудад салбар холбоод, Сум, дүүрэг, гадаадын орнуудад салбар зөвлөлийг байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллана.

2.3   Харваачдын залуу үеийг төлөвшүүлж, тэдэнд уламжлалт спорт-тоглоомоор тогтмол хичээллүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спорт тал руу нь чиглүүлэх.

2.4   Улсын аврага шалгаруулах болон Үндэсний их баяр наадмын тэмцээнийг жил бүр явуулж,       энэхүү тэмцээнд оролцохын тулд хот, аймгийн, сум, дүүргийн аваргыг тогтмол шалгаруулан, тус үндэсний спорт-тоглоомыг өргөн дэлгэр сурталчилах.

2.5   Шагайн харвааны уламжлалт дэг жаягыг өвлүүлэх, уламжлалыг алдагдуулахгүй сэргээн хөгжүүлэх.

2.6   Шагайн харваа, түүнийг өвлөн тээгчдийг судлах, сурталчилах, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах асуудлыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах чиглэлийг баримтлах.

2.7   Шагайн харваагаар хичээллэж амжилт гаргасан харваачид өвлөн тээгчдийг урамшуулах алдаршуулах, үндэсний хэмжээний цол зэрэг олгуулах.

2.8   Шагайн харвааг хүн төрөлхтний соёлын өвд бүртгүүлэх, олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн бодлогод тусгуулах

Гурав. Бүтэц зохион байгуулалт

3.1   МШХХ-ны дээд эрх барих байгууллага болох холбооны их хурлыг 4 жилд 1 удаа, Бага хурал нь жилд нэг удаа хуралдана.

3.2   Бага хурлын бүрэлдэхүүнд холбооны тэргүүлэгчид, салбар холбооны тэргүүнээр сонгогдсон хүмүүс орох бөгөөд хуралдах хугацаа, хэлэлцэх асуудлыг тус холбооны тэргүүлэгчид хуралдаж, салбар холбоод, зөвлөлд 2 сарын өмнө албан ёсоор мэдэгдэнэ.

3.3   Их болон бага хурлаар дор дурьдсан асуудал хэлэлцэнэ.

А. Холбооны тайлан илтгэл

Б. Хяналтын зөвлөлийн тайлан, шаардлагатай бол Ёс зүйн хорооны мэдээллийг хэлэлцэнэ.

В. Холбооны болон харвааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, удирдах дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх болон бусад тулгамдсан асуудал.

Г. Зохион байгуулалтын асуудал

3.4 Их хурлаас холбооны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга, хяналтын зөвлөл, ёс зүйн хороог 4 жилийн хугацаагаар сонгоно.                                                                                                                                    А. Ерөнхийлөгч нь холбооны ажлыг чиглүүлэн удирдаж, холбоог төлөөлөн гадаад дотоодын байгууллага албан тушаалтантай харилцана. Ерөнхийлөгч нь тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг удирдаж, уялдуулан зохицуулна. Ерөнхийлөгч нь холбооны хөрөнгө, санхүүг захиран зарцуулах ажлыг чиглүүлнэ. Ерөнхийлөгч нь тэргүүлэгчдийн хурлыг удирдана. Ерөнхийлөгч нь нэг удаа улиран сонгогдож болно.

Б. Тэргүүн дэд Ерөнхийлөгч нь Ерөнхийлөгчийн эзгүйд холбооны ажлыг чиглүүлэн удирдана. Ерөнхийлөгч  хуралд оролцоогүй нөхцөлд тэргүүн дэд ерөнхийлөгч тэргүүлэгчдийн хурлыг удирдана. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх бодлогод идэвхтэй оролцоно. Тэргүүн дэд ерөнхийлөгч 1 удаа улиран сонгогдож болно.

В. Дэд Ерөнхийлөгч нь холбооны бодлого, үйл ажиллагаа, тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхэд ажил хэрэгчээр оролцох. Ерөнхийлөгч болон тэргүүлэгчдийн хурлаас тусгайлан даалгасан асуудлыг хариуцна. Үндэсний их баяр наадмын шагайн харвааны салбар хорооны бодлоготой холбооны бодлогыг уялдуулан зохицуулж ажиллана. Шагайн харвааны холбооны судалгаа, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

Г. Ерөнхий нарийн бичгийн дарга нь байнгын орон тоогоор ажиллаж холбооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх ба холбооны бодлого үйл ажиллагааны болон тухайн жилийн төсвийн гүйцэтгэл, дараа жилийн төлөвлөгөөг боловсруулан тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллана. Ерөнхий нарийн бичгийн дарга нь биеийн тамир, спортын төв байгууллагуудтай ажил төрлийн байнгын холбоотой ажиллаж, аймаг, нийслэлийн салбар холбоод, сум, дүүргийн зөвлөлийн ажилд удирдамж, чиглэл өгч, дэмжлэг үзүүлнэ.

Д. Нарийн бичгийн дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргад тусалж, мэдээ мэдээллийг хүргэх зэрэг холбооны дотоод ажилд дэмжлэг үзүүлж ажиллана.

Е. Тэргүүлэгчид улиралд 1-ээс доошгүй удаа хуралдаж тэмцээн уралдаан, цол зэрэг олгох болон шаардлагатай асуудал хэлэлцэж, тогтоол, тэмдэглэл гаргана. Холбооны хөрөнгө, санхүүг бэхжүүлэх бодлогод идэвхтэй оролцоно.

Ё. Хяналтын зөвлөл нь МШХХ-ны үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

Ж. Ёс зүйн хороо нь 5 хүртэл харваачийн бүрэлдэхүүнтэй ажиллаж Шагайн харвааны дүрмийн болон холбооноос гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийн явцад аливаа зөрчил гаргуулахгүй байх хэрэв зөрчил дутагдал гарвал түүнийг дахин гаргуулахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

3.5.   Монголын шагайн харвааны холбооны Ерөнхийлөгчөөр олон жил үр бүтээлтэй ажиллаж, холбооны үйл ажиллагааг тогтмолжуулах хийгээд бэхжүүлэх үйл хэргийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан зүтгэлтнийг МШХХ-ны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжлөнө.

3.6.  Монголчуудын үндэсний бахархалаа дээдэлж, шагайн харваагаар хичээллэдэг Монгол улсын иргэн хэн боловч Монголын Шагайн харвааны холбооны гишүүн байж болно.

3.7. Монголын шагайн харвааны холбооны гишүүд нь нэг загварын батлахтай байна.

3.8. МШХХ-ны дэргэд Ахмад харваачдын холбоо байгуулан ажиллаж болно.

Дөрөв. Эрх, үүрэг

4.1 МҮОХ-ноос зохиож буй биеийн тамир спортын үзэл санааг дэмжиж үндэсний спорт-тоглоом шагайн харвааг Монгол улсын хэмжээнд хөгжүүлэх бодлогод боловсруулж хэрэгжүүлэх.

4.2 Шагайн харвааг шинжлэх ухааны үндэслэлтэй, уламжлалт ёс жаягийг хадгалсан, орчин үеийн хөгжилд зохицуулан, харваачдын залгамж халааг бэлтгэн, тэдний ур чадварыг дээшлүүлэн УАШТ-нд баг, харваачдаа бэлтгэн оролцуулах.

4.3 Улсын хэмжээнд спортын холбоодын шугамаар зохион байгуулагдаж буй хурал, зөвөлгөөн, семинарт төлөөлөгчдөө оролцуулах.

4.4 Өөрийн орны болон сонирхогч гадаад дотоодын аж ахуйн нэгж, ТББ, иргэдтэй хамтран ажиллах гэрээ хийж энэхүү дүрмийн дагуу зорилгоо хэрэгжүүлэх аж ахуй үйл ажиллагааг явуулах.

4.5 Улсын хэмжээнд зохиогдож буй Шагайн харвааны дүрмийг боловсруулан баталж мэргэжлийн зөвлөмж удирдлагаар хангах.

4.6 Шагайн харвааны шүүгчид, дасгалжуулагчийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тамирчид харваачдад цол зэрэг олгох, төрийн шагналд тодорхойлон холбогдох байгууллага, улсын цол, зэргийн комисст санал оруулах.

4.7 Шагайн харвааны нэгдсэн дүрэм, цол зэргийн ангиллыг боловсруулан мөрдүүлж ажиллана.

А. Улсын аварга шалгаруулах тэмцээний багийн, хувийн цуваа харвааны тэмцээнд болон Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмын тэмцээний багийн цуваа харваанд 10 болон түүнээс дээш түрүүлсэн харваачид “Даяар дуурсагдах дархан мэргэн”,  3 түрүүлж, 2 болон түүнээс дээш шөвгөрсөн буюу эхний 3 байранд шалгарсан харваачид “Үлэмж дархан мэргэн”, 2 түрүүлж, 2 удаа болон түүнээс дээш шөвгөрсөн харваачид “Дархан мэргэн”, 1 түрүүлж, 2 болон түүнээс дээш шөвгөрсөн харваачид “Гарамгай мэргэн”, 2 удаа шөвгөрсөн харваачид “Хошой мэргэн”, 1 удаа шөвгөрсөн харваачид “Мэргэн” цолыг тус тус олгоно.

Б. Ахмад харваач /60 болон түүнээс дээш насны/-дын улсын аврага шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваанд эхний 3 байранд 3 удаа шалгарсан ахмад харваачид улсын “Харьшгүй мэргэн” цол олгоно.

В.   Өсвөрийн харваач /16-гаас доош насны/-дын улсын аврага шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваанд эхний 3 байранд 5 удаа шалгарсан өсвөрийн харваачид улсын “Өсөх идэр мэргэн” цол олгоно.

Г. Аймаг, нийслэлийн, аварга шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваа, үндэсний баяр наадам, Үндэсний спортын их наадмын тэмцээнд эхний 3 байранд 5 ба түүнээс дээш удаа шалгарсан харваачид аймгийн “Аймгийн гоц мэргэн”, 3 удаа шалгарсан харваачид аймгийн “Аймгийн хошуу мэргэн” цолыг тухайн аймаг, нийслэлийн салбар холбооны тэргүүлэгчид хуралдаж тус тус олгоно.

Д. Зөвхөн УАШТ-ний багийн болон хувийн цуваа харваанд эхний 3 байранд 5 удаа шалгарсан харваачийг Монгол улсын “Спортын мастер” цолны болзол хангасан гэж үзэж МШХХ-ны тэргүүлэгчид хуралдаж тогтоол гаргаж улсын цол зэргийн комисст өргөн барина.

Е. 100 болон түүнээс дээш олон баг оролцсон тэмцээнд амжилттай сайн харваж эхний 3 байранд шалгарсан багийн харваачдад дүйцүүлэн цол олгох тухай асуудлыг МШХХ-ны бага хурлаар хэлэлцүүлэн олонхийн санал авсан тохиолдолд шийдвэрлэнэ.

Ё. Улсын болон аймаг, нийслэлийн цолтны малгай, түүний тэмдэг, залаа, түүний тэмдэглэгээг тогтсон нэг загвартай, стандарттай байх асуудлыг МШШХ-ны тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэж, нийтээр дагаж мөрдүүлнэ.

Ж. Америкийн нэгдсэн улс болон Европ дахь Монголын шагайн харвааны салбар холбоод нь 4.7-ийн Г заалтанд хамрагдаж аймгийн цол олгогдоно.

4.8  Шагайн харвааны хашлага, зурхайг үнэт мод /агар, зандан, суман гэх мэт/-оор, сумыг бугын эврийн тав хэсгээр, хасааг хув, зааны ясан соёо зэргээр хийдэг уламжлалт аргыг баримтлан урлах, аравч модыг орчин үеийн хийцээр хийлгэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, шагайн харвааны уухай, уухайн түрлэгийг залуу үед зааж сургах.

Тав. Хөрөнгө санхүү

5.1 Санхүү нь байгууллага хүмүүсээс хандивласан шагайн харвааны хэрэгсэл, үндэсний болон гадаад валют

5.2 Шагайн харвааны тэмцээн уралдаанд зориулж түр болон байгууллага хүмүүсээс олгосон мөнгө, эд агуурс

5.3 Аж ахуй үйл ажиллагаанаас орсон орлого зэргээс бүрдэнэ.

5.4  Хөрөнгө, санхүүг харваач болон дэмжигч олон нийтийг хамруулан бүрдүүлнэ.

5.5 Холбоо нь банкинд үндэсний болон гадаад валютын данстай байна

Үндэсний спортыг дэмжигч байгууллагууд

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Монголын Шагайн Харвааны Холбоо