Монгол улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн 2020 оны 11 дүгээр сарын 05 – 07 – ны өдрүүдэд Буянт – Ухаа спортын ордноо 3 өдөр болж аваргаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 132 багийн 1000 гаруй харваачид цэц мэргээ сорин өрсөлдсөнөөс Архангай аймгийн харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Алдар спорт хороо, АПУ ХК – ий баг харваачид үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж өмнөх амжилтаа дахин давтсан юм. Тэмцээний дэд байрт Дорноговь аймгийн харьяат Монгол улсын гарамгай мэргэн Б.Баттулга ахлагчтай Даншиг транс ХХК – ий баг харваачид, гутгаар байрт Завхан аймгийн харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн баг харваачид шалгарлаа.
Шагналт байрт Хэнтий аймгийн харьяат Монгол улсын хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хан Хэнтий баг, Дорноговь аймгийн харьяат Монгол улсын гарамгай мэргэн Б.Наранхүү ахлагчтай Дорноговь телевизийн баг, Төв аймгийн харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ц.Энхбат ахлагчтай Хийморь баг, Сэлэнгэ аймгийн харьяат Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Т.Гантулга ахлагчтай Бугант Нандин баг, Нийслэлийн Аймгийн гоц мэргэн Ж.Гансуурь ахлагчтай Улаанбаатар төмөр замын барилга, орон сууцны албаны баг харваачид шалгарсан юм. Шигшээ 8 – д шалгарсан баг харваачдадаа онооны их, цолны дээдийг ерөөе. Хүн нэг бүрийн хувийн цуваа харвааны төрөлд олон сайхан мэргэчүүд 20 оносон бөгөөд үүнээс тохой сунган шилдгүүдийг шалгаруулахад тэргүүн байрт Говь-Алтай аймгийн харьяат аймгийн гоц мэргэн Г.Бат-Эрдэнэ, дэд байрт Архангай аймгийн харьяат аймгийн гоц мэргэн Ш.Чойсүрэндорж, гутгаар байрт Дундговь аймгийн харьяат Монгол улсын мэргэн Э.Балжинсүрэн шалгарч цолоо ахиулцгаасан амжилттай ганзага дүүрэн буцацгаав.
Энэ үеэр ахмадын улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн мөн болсон юм. 2020 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 багийн 140 орчим харваачид оролцон өргөн дэлгэр наадлаа. Багийн харвааны төрөлд Дорноговь аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн С.Амгалан ахлагчтай баг түрүүлж, Орхон аймгийн харьяат Монгол улсын гарамгай мэргэн С.Нямдорж ахлагчтай баг дэд байр, Төв аймгийн харьяат Монгол улсын дархан мэргэн Д.Дамбапэлжээ ахлагчтай баг гутгаар байр, Дундговь аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Д.Батсугир ахлагчтай баг шагналт байрт тус бүр шалгарлаа. Жил бүрийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Егүзэр хутагт Дамдинбишрэлт сан” – гийн тэргүүн, МШХХ – ны дэд ерөнхийлөгч Монгол улсын үлэмж дархан мэргэн М.Нямаа ивээн тэтгэн явуулдаг бөгөөд 70 – аас дээш насны ахмадууддаа хүндэтгэл үзүүлж гарын бэлэг, мөнгөн шагнал гардуулдаг сайхан уламжлалтай билээ. Ахмад харваачдын хувийн цуваа харваанд Төв аймгийн харьяат Монгол улсын гарамгай мэргэн Н.Төмөрбаатар түрүүлж, Хэнтий аймгийн харьяат Аймгийн гоц мэргэн Ш.Ганбат дэд байрыг эзэлж, Сүхбаатар аймгийн харьяат Монгол улсын харьшгүй мэргэн Г.Лхагвасүрэн гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар тэмцээн өндөрлөлөө. Уухайн дуу хадаасан монголын хөх тэнгэр доор өв соёлоо дэлгэрүүлэн хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй эрхэм хүндэт ахмадууддаа урт насалж удаан жаргахын ерөөл өргөе.
Насанд хүрэгчдийн 30 дахь, ахмадын 19 дэх удаагийн монгол улсын аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож багийн болон цуваа харваанд тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарсан мөн шагналт байруудад орсон нийт харваачдадаа Монголын шагайн харвааны холбооноос уламжлал ёсоор өргөмжлөл хадгалуулж, мөнгөн шагналаар шагнасан юм.
Цагаан мөртэй спорт шагайн харвааны хийморь өнө мөнхөд ивээх болтугай.