2015-07-09 08:07:08
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Энхбаттай ярилцлаа.
-Сайхан зусаж байна уу. Наадмын бэлтгэлээ хэр базааж байна даа?
Сайхан зусаж байна. Энэ жил бороо хур элбэгтэй сайхан зун болж байна. Бэлтгэлээ хийж байгаа. Наадам болохоос 10-аад хоногийн өмнө бэлтгэлдээ гардаг. Манай баг саяхан “Атарчин” спортын их наадамд оролцоод түрүүлээд байж байна. Энэ чинь л бэлтгэлийн эхний шат болж байгаа юм. Үндэсний их баяр наадмын амжилтын гараа ч эндээс эхэлж байна. Ер нь манай Төв аймаг төв халхын аймгууд дотроосоо шагайн харваагаар тэргүүлдэг гэж хэлж болно. Өнгөрсөн жил гэхэд аймгийн шагайн баг 2014 оны шилдэг баг болж тодорсон.
– Монгол наадмын нэгэн чимэг болж ард түмнээ баясгаж байгаа зүйл бол шагайн харваа. Эрийн дөрөв дэх наадам ч гэж нэрлэх болсон. Таныг шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа шагайн наадгайг Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болгоход их хувь нэмэр оруулсан гэдэг?
Үндэсний их баяр наадмаар шагайн харвааг 1998 оноос эхэлж наадуулахаар болсон. Наадмын дагавар тэмцээн гэж хэлж болно. Ер нь шагайн харвааг баяр наадмын нэг төрөл болгохыг олон хүн хүсдэг. Баяр наадмын хуульд ч өөрчлөлт орох талаар яригдаж байгаа юм билээ. Энэ сайхан өв соёлоо сайхнаар нь авч үлдэхийн тулд битгий их улс төржөөсэй гэж хүсэж байгаа. Үндэсний өв соёл бахархал гэдэг талаас нь бас хараасай гэж хүсэж байна. Даяарчлагдаж байгаа энэ цаг үед монголчууд өв уламжлалаа хадгалж явах арга замын нэг нь баяр наадам юм шүү дээ. Түүнчлэн эрийн гурван наадмын төрлүүд эрийн наадам мөн үү биш үү гэдэг нь эргэлзээ төрмөөр. Жишээ нь сурын харваанд эмэгтэйчүүд хүртэл харвадаг биз дээ. Харин шагай бол зөвхөн эрчүүдийн тоглоом. Миний хувьд шагай харвааг Үндэсний их баяр наадмын нэг төрөл болгох санаачилгыг УИХ-ын дэд дарга М.Энхболдыг хотын дарга байхад гаргаж байлаа. Үндэсний их баяр наадмын төрөл болгож чаддаггүй юмаа гэхэд наадмын нэг дагавар тэмцээн болгож өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Тэгээд М.Энхболд дарга дэмжиж Төв цэнгэлдэхийн хажууд шагайн харвааны асрыг барьж өгч байсан юм. Түүнээс хойш Үндэсний их баяр наадмаар тогтмол тоглож нааддаг болсон. Мөн үндэсний уламжлалаа хадгалсан энэ сайхан спортыг Юнескод бүртгүүлэх ажлын хэсгийг ахалж явлаа. Ингээд шагайн наадгайгаа дэлхийн соёлын өв гэж бүртгүүлж чадсандаа баяртай байдаг. Одоо жил бүр Юнескод бүртгүүлсний бэлгэдэл болгож дуут наадмыг зохион байгуулдаг.
-Яагаад дуут наадам гэх болсон юм бэ?
Шагайн харваа чинь уухайтай дуутай байдаг болохоор дуут наадам гэж нэрлэсэн юм.
-Шагайн харваа дэг жаяг ихтэй. Энэ нь залууст хүмүүжлийн болон ёс заншлыг сургах сайн талтай гэдэг юм билээ?
Тийм шүү. Шагай үндэсний их өв соёл, ёс заншил, хүмүүжлийг олгодог. Хүмүүс харахад зүгээр нэг тэмцээн маягаар тоглоод байна гэж ойлгож болох юм. Үнэндээ цаанаа олон сайн талтай. Тухайлбал том цолтой болон ахмад настай хүний дээр залуучууд суухгүй гээд дүрэмтэй. Хоорондоо элдэв юм ярихгүй байх, суух суудал нь хүртэл ондоо, хурууны тавилт, уухайлах гэх зэрэг яах аргагүй тоглоод ирэхээр ямар ч хүнд тэвчээр хатуужил суулгадаг. Багаасаа шагай харвасан хүүхэд маш их буурь суурьтай, аливаа зүйлийг нарийн тунгааж чаддаг, тэвчээртэй хүн болдог гэдэг. Энэ бол яах аргагүй өвөг дээдсийн сурган хүмүүжүүлэх ухаан тоглоомоор нь дамжиж ирж байгаагийн нотолгоо юм даа. Мөн найз нөхөрлөлийг ч батжуулж өгдөг. Тэмүүжин Жамух хоёр л гэхэд шагай солилцож анд бололцож, хэн хэнийхээ өгсөн шагайг дурсан хадгалж явсан нандин түүх байдгийг хүн бүр мэднэ. Үндэсний өв уламжлалаа маш сайн хадгалдаг. Саяхан болсон улсын аваргын тэмцээнд пүүзтэй хүнийг шагайн харвааны тэмцээнд оруулаагүй. Дандаа үндэсний монгол хувцастайгаа шагай харвах тэмцээнд оруулж байхаар дүрэмтэй болсон. Дэлхийд үндэсний өв гэж бүртгэгдсэн болохоор ингэхээс ч аргагүй юм.
-Шагайн харвааг нэг хэсэг хорьж байсан гэсэн яриа байдаг. Гэсэн хэдий ч шагай харвах хүмүүсийн тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй байх. Таны хувьд юу гэж бодож байна вэ?
Нэг хэсэг шагайн харвааг анхаарахгүй байх үе байсан. Социалист бүтээн байгуулалтын үед олноороо бөөгнөрч тоглоод ажил цалгардууллаа хэмээн дургүйцдэг байлаа. Шагайн тойрмыг хүртэл хүчээр очиж тарааж байсан үе бий. Шагайн харваа зохион байгуулсан хүмүүсийг ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч байсан. Гэсэн хэдий ч шагай харвах хүмүүсийн тоо буураагүй. Тэр байтугай ардын хувьсгалын үед нууц хэлэлцээр зэргээ шагай харвангаа бөөгнөрч суугаад ярилцах явдал байсан байгаа юм. Тийм болохоор шагайг устгая гээд манжууд даалууг оруулж ирж байсан түүхтэй. Харин энэ цаг үед шагайн наадгай улам бүр хөгжиж байна. Шагайн харвааг дэлхийд хосгүй сайхан спорт, дэлхийн соёлын өвийн нэг хэмээж 2015 онд Юнескогоос батламжиллаа. Тийм учраас шагайн харвааг төр засгаас улс орны хэмжээнд хөгжүүлэх, шагайн харвааны уламжлал ёс жаягийг хадгалж явах ёстой гэсэн талаас нь НҮБ – аас зөвлөмж гарч Монгол Улсын Засгийн газар батламж хүлээж авах үедээ шагайн харвааг монгол улсын хэмжээнд хөгжүүлэхээр зорьсон. Ингээд Засгийн газраас хөтөлбөр гаргаж ажиллаж байна. Түүнчлэн Өвөрмонгол, Казахстан, Тува, Халимагт шагайн харвааг сонирхож эхэлж байгаа нь харагдаж байна. Шагайн харвааны олон улсын холбоо нээгдвэл хамгийн түрүүнд нэгдэнэ шүү гэсэн санал тавьдаг.
-Эрийн гурван наадмын төрөл бүрээр кино гарсан байдаг. Харин шагайн харвааны тухай кино байдаггүй. Энэ талаар шагайн харвааны холбооны зүгээс анхаарч ажиллаж байгаа зүйл байна уу?
Ш.Сүрэнжав гуай эрийн гурван наадмын төрөл бүрээр “Тод магнай”, “Гарьд магнай”, “Цэц магнай” гэсэн киног хийсэн байдаг. Харин одоо шагайн харвааны төрөлд зориулаад УИХ-ын гишүүн Д.Ганбаттай хамтраад “Гоц магнай” гэсэн кино хийхээр зохиолоо бичсэн байна билээ. Шагайн харвааны холбооны зүгээс энэ бүхэнд дэмжиж ажиллалаа. Холбооны үйл ажиллагаа жигдэрч, аймаг, сумдын салбар зөвлөлүүдээ дэмжиж тусалж ажиллах болсон. 400 гаруй жилийн түүхтэй Бадын тойром буурийг сэргээлээ. Мөн Өлзийт, Батсүмбэр, Жаргалант тойрмоо сэргээгээд хөгжүүлж байна.
-Тойром буурь гэж ярилаа. Энэ нь ямар учиртай юм бэ?
Тойром гэдэг нь баг харваачид тал талаас цуглан тойрч тоглож харвахыг хэлдэг. Орчин үеийнхээр бол тэмцээн юм. Шагайн тойром, тэмцээн болж буй газар харваачдын уухайн түрлэгээр хур бороо орж, уул ус баясдаг.
-Таны хувьд хэзээнээс шагай сонирхож эхлэв?
Их залуугаасаа харвасан. 1986 оноос албан ёсоор тэмцээн уралдаанд оролцсон. Тэгэхээр бараг 30 жил болжээ. Шагайн харвааны дээд цол болох Монгол Улсын үлэмж дархан мэргэн цол хүртлээ. Улсын аваргад хоёр удаа түрүүллээ. Үндэсний их баяр наадамдаа магнайллаа. Үндэсний их спортын наадамд сүүлийн хоёр жил дараалан дэд байр эзэллээ. Манай багийг Төв аймгийн Ц.Энхбатын баг гэдгээр олон хүн танина даа. Шагайг хөгжүүлэхийн төлөө өөрийн зүгээс чадах бүхнээ хийдэг. Монголын шагайн харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар нэлээн олон жил ажиллалаа. Харин 2003 оноос хойш тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд Шагайн холбооны цомын тэмцээнийг дангаараа хариуцан хийж байна.
-Гарын хэдэн шавь байна вэ?
Олон байгаа. Хамгийн анхны шавь нар гэхэд Монгол Улсын гарамгай мэргэн цолонд хүрчээ. Олон хүмүүсийг шагайн харваа сонирхуулах гэж, баг зохион байгуулах гэж хичээж зүтгэж явсан. Энэ бүхэн миний хийх ёстой ажил л гэж бодож явдаг. Шагай харвадаг олон хүн намайг мэдэх байх. Тийм учраас Монголын шагайн харваанд Ц.Энхбат гэдэг хүн боломжийн хэмжээгээр хувь нэмрээ оруулж явна гэж өөрөөрөө бахархаж омогшдог шүү.
-Ер нь шагай харваж байхдаа харваач хүн маш олон зүйлийг бодож тооцоолдог гэдэг. Шатрын спортын нэгэн адил оюун ухааны сорилго болдог гэж ахмад харваачид хэлдэг юм билээ?
Монголчууд бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж дээр үеэс хүндэтгэсээр ирсэн. Харваач хүн шагай няслахын өмнө олон зүйлийг бодож тооцоолон, дотоод сэтгэлээ чангалж байж сумаа тавьдаг. Ер нь ганц хуруугаараа сум няслан өөрөөсөө арваад метрт байгаа зоосон чинээ бугын ясан хасааг онох гэдэг бол хурууны няс, ухаан хоёрыг холбон орон зайг тооцоолж сурахад нөлөөлдөг. Зурхай дээр байгаа хасааг онохын тулд эхлээд орон зайгаа мэдрэх шаардлагатай, хоёрт ямар хүчээр яаж нясалбал онохоо ургуулан бодож сумаа нясална. Тэгэхээр яах аргагүй л оюун ухааны спорт болж таарч байгаа биз.
-Шагайн харваан уламжлал, дүрэм журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Эрт дээр үеэс хонины далны ясан дээр шагай тавьж харвадаг байсан юм билээ. Үүнээс улбаалаад шагайн харваа гэж -нэрлэсэн юм. Шагайн харвааг таван метр орчим буюу нас биед хүрсэн эр хүний есөн тохой хэмжээтэй зайнаас харвадаг. Мөн бай, хасаа, зурхай, тохой гэх мэтчилэн хэрэглүүр байна. Нийт 15 хасааг тохойнд өрж тавьдаг. Тохой гэдэг нь Монгол эр хүний тохойн дундаж хэмжээ 52.5 см байдаг. Түүнтэй тэнцэх мод байдаг юм. Харин 60-аас дээш насныхан хавчаахай ашиглан харвадаг. Энэ мэдээж хараа, гарын эрч суларсантай холбоотой. Нэг багт 7-9 хүн байх бөгөөд тус бүр дөрвөн сум тавина, нийт 15 хасаа байна. Ингээд хоёр баг өрсөлдөж аль түрүүлж 15 оносон нь ялна. Гэхдээ нэг багтайгаа хоёр үе тоглох буюу өөрийн зурхай, айлын зурхай дээр тоглодог. Мөн энэ спорт өвөл, зун гэж ялгахгүй хэдийд ч нааддаг. Зуны дэлгэр цагт тойром харваанууд их болно.
-Таныг мөн морь уядаг гэж сонссон. Энэ жилийн баяр наадмаар хурдан хүлгүүдээ сойно биз дээ?
Тийм ээ. 2010 онд аймгийн алдарт уяач цол хүртсэн. Хурдан сайхан буянуудаа энэ жилийн наадамд сойно. Өөрийгөө ч сойно. Ер нь морь уяна гэдэг олон хүний хөлс хөдөлмөрийн үр шим байдаг. Би хүүхэд байхаасаа хурдан морь унаж өссөн. Хүүхэд байхдаа 1972 онд улсын наадамд морь унаж зээрд халзан шүдлэн аман хүзүүдүүлж байлаа. Манай аавын ах, аав өөрөө гээд манайхан морь уядаг хүмүүс л дээ. Аавын ах Х.Чүлтэмжав морь сайн уяна. Улсын наадамд нэлээн хэдэн морь айрагдуулсан шүү. Би багадаа тэр хоёр буурлынхаа хурдан морьдыг унадаг байсан. Яг өөрөө бие дааж уяхын хувьд бол 1997 оноос эхэлсэн.
-Бөх барилддаг уу.
Бөх болох гэж мөрөөдөж жаахан ноцолдсон. Сумын заан болж даага хөтөлж л явлаа. Тэгэхээр торгон зодогны хамаатан гэж үзэх л байх.
-Хурдан морь уяна, уран мэхийг уралдуулж цэц мэргэнээ сорино. Эрийн гурван наадмын бүх төрлөөр нааддаг байх нь ээ?
Би чинь уг нь соёл судлаач мэргэжилтэй хүн шүү дээ. Олон зууныг өртөөлж ирсэн эрийн гурван наадмаа би соёлын их том өв гэж үздэг. Тиймээс тэрхүү өв соёлоо дээдэлж явах нь монгол хүн бүрийн үүрэг гэж боддог.
Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
Эх сурвалж: olloo.mn