2012-02-03 12:39
Монгол Улсын үлэмж дархан мэргэн, харваач С.Ямааранзтай хөөрөлдлөө.
-Та хэдэн оноос эхлэн улсын наадамд сум тавив?
-Би Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анх улсын наадамд ирж, манай баг дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. Түүнээс хойш улсынхаа их баяр наадамд дөрвөн удаа түрүүлж, өнгөрсөн зуны түүхт ойд манай “АПУ” компанийн баг аман хүзүүдсэн. Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа медальт байрт шалгарч байсан. Манай харваачид улсын наадам болоод улсын аварга шалгаруулах тэмцээнд цол нэмдэг юм.
-Шагайн харваачид бэлтгэлээ яаж базаадаг юм бэ?
-Ихэвчлэн улсын наадам болоод улсын аварга шалгаруулах тэмцээн болохоос 7-10 хоногийн өмнө бэлтгэлдээ гардаг. Энэ үеэр сум тавьж цэц мэргэнээ тааруулна. Мөн сэтгэлзүйгээ тайван байлгах үүднээс онцгой анхаардаг юм. Уралдаан тэмцээн дээр аль болох тайван байхгүйгээр оволзож, шатах л юм бол амжилт гаргахад бэрх. Ер нь шагайн харваа гэдэг ур ухаан шаардсан цэвэр сэтгэлзүйн тоглоом. Түүнээс бяртай, гар хуруундаа бүлтэй нөхдүүд харваад байдаг ч “юм” биш л дээ. Манайхан шагайн харвааг цагаан мөртэй тоглоом гэдэг.
-Төрийнхөө их баяр наадамд дараалан дөрөв түрүүлсэн харваач олон бий юу?
-Одоогоор энэ нь дээд амжилт юм билээ. Би “Төмөрзам”-ын багийн гишүүн байхдаа гурван удаа түрүүлсэн. Харин 2010 онд манай компанийн баг түрүүлсэн юм.
-Яагаад багаа солиод байдаг юм. “АПУ”-гаас ашигтай санал тавьсан юм уу?
-Манай “Төмөрзам”-ын багийнхан бүгд төмөр замдаа ажилладаг. Би л ганцаараа өөр ажилтай байсан юм. Тийм болохоор уралдаан тэмцээнд явахад чөлөө авах зэргээс эхлээд хүндрэлтэй байсан. Түүнээс ямар нэгэн санал зөрөлдсөн, эсвэл ашигтай санал хүлээж авсан юм биш. Тэгээд ч би өөрөө “АПУ” компанид долоон жил ажиллаж байгаа.
-Та Монгол Улсын хэд дэх Үлэмж дархан мэргэн нь вэ?
-53 гэсэн байх аа.
-Шагай харваж, зүүдэлдэг үү?
-Зүүдлэлгүй яах вэ. Одоо ч гэсэн зүүдэлнэ шүү. Унтаж байхдаа бүр “Шаг” гэж орилж байсан ч үе бий. Энэ тухай манайхан хэлж байсан удаатай.
-Та олон дээлтэй байхдаа?
-Дөрөв тав солиод өмсчих дээл байгаа. Ер нь төрийн наадам бүртээ өнгийг нь сольж байхыг чухалчилдаг.
-Таныг энэ спортод ороход юу нөлөөлөв?
-Манай аав улсын “Хүндэт харваач”, мөн ах маань шагай харвадаг байсан юм. Тэгээд л өөрөө сонирхож оролдсоор байгаад сурсан. Оюутан болж хотод орж ирээд нэг хэсэг харваагүй юм. Харин 2005 оноос хойш тууштай харваж байна.
-Шагай харваж сурахад багш хэрэгтэй юу?
-Тэр багш, энэ багш л гэцгээх юм билээ. Тэгэхээр хэрэгтэй юм байлгүй дээ. Миний хувьд аав, ах нарыгаа харж оролдсоор байгаад л сурсан.
-Шагайн харвааны хамгийн өндөр цолонд хүрлээ. Мөн дээд амжилт ч тогтоосон байна. Харин амжилт дагаж амьжиргаанд чинь ямар өсөлт гарав?
-Манай шагайн харвааны бай, шагнал бага ч гэсэн амьжиргаанд минь нэмэр болсон гэж би боддог. Тэгээд ч шагайн харваа гадаадад хүртэл эрчимтэй хөгжиж байгаа энэ үед бидний нэр хүнд ч гэсэн өсч байна л даа. Би Архангай аймгийн Хайрхан суманд төрж өссөн. Өнгөрсөн наадмаар энэ цолыг хүртэхэд нутгийн зөвлөлөөс миний нэрэмжит шагайн харвааг зохион байгуулахын зэрэгцээ 64 бөх барилдуулж, соёолон насны морь уралдуулж миний цолыг мялаасан. Учир нь би нутгаасаа төрсөн анхны үлэмж дархан мэргэн нь юм билээ.
-Өнгөрсөн жил морь, бөхийн бай шагналыг нэмсэн. Харин харваачдынх…?
-Сур харваанд түрүүлсэн тамирчин болоод шагайн харваанд тэргүүлсэн багт тус бүр дөрвөн сая төгрөг өгөхөөр батлагдсан гэсэн. Өмнө нь багаараа түрүүлэхэд хагас сая төгрөг өгдөг байсан юм. Түүнийгээ багийн найман гишүүн хувааж авдаг байлаа. Тэр үеийг бодвол харьцангуй нэмэгдсэн шүү.
-Шагайн харвааг олон улсын спорт болоход бэлэн гэж ярих юм. Энэ хэр боломжтой вэ?
-Олон улсын спорт болгох үе нь ирчихсэн. Тэгээд ч удирдах байгууллага болоод манай харваачдын хүсэл тэмүүлэл энэ л дээ. Мөн “ЮНЕСКО”-гийн өвд бүртгэхээр болсон таатай мэдээ байгаа. Тэгэхээр тун удахгүй олон улсын спорт болох болов уу даа.
-Хүйтэн сэрүүний улиралд тэмцээн уралдаан, хэр болох вэ?
-Шагайн харваа хөгжихийн хэрээр уралдаан тэмцээн их болдог болж. Одоо тун удахгүй сар шинийн харваа гээд л цаашаа тэмцээнүүд үргэлжилнэ дээ.
эх сурвалж: www.UNEN.mn