2018-04-30
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг “Сондгой өнцөг” буландаа урьж, ярилцлаа.
-Таныг шагайн харваа сонирхдог, харвадаг гэж сонсч байсан юм. Хэзээнээс эхэлж шагай харвасан бэ?
-Намайг шагай харвадаг гэхээр хүмүүс гайхаж магадгүй. Хүн бүрт л сонирхдог зүйл гэж байдаг. Би өнөөдрийг хүртэл гурван зүйлийг л сонирхсон. Нэгдүгээрт, шагайн харваа. Багануурын уурхайд ажиллаж байхдаа шагай харваж сурсан. 26 настай л байсан үе. Өөр нэг сонирхдог зүйл нь гар бөмбөг. Хүүхэд байхаасаа л энэ спортыг сонирхож, хичээллэж байлаа. Түүнээс гадна, уран зураг сонирхдог юм. Гэхдээ хобби болгоод, олон зураг цуглуулаад байдаггүй. Чансаатай хэдэн зураг л надад байгаа.
-Шагайн харваагаар цол авсан уу?
-Би Улсын мэргэн цолтой. Дэд мэргэн байж байгаад мэргэн цол авсан юм. Түүнээс цааш цол ахиагүй ээ. Шагайн харваагаар тууштай харвах зав бага гарсан юм. Эрийн гурван наадамд шагайн харвааг заавал хамтатгаж үздэг. Яагаад гэвэл, Монголын уламжлалт тоглоом. Энэ тоглоомыг залуугаасаа тоглосон болоод ч тэр үү, эрийн гурван наадам, шагайн харваа монгол хүний мөн чанарыг хадгалж явдаг уламжлалт наадгай гэж хардаг. Энэ спорт биш шүү. Манайхан сүүлийн үед спорттой холиод, будилуулаад байгаа юм. Спорт биш наадгай юм. Эрийн гурван наадам монголчуудын өв уламжлал, ёс заншлыг авч явж байгаагаас гадна монгол хүний тэмцэх чадварыг хадгалж яваа гэж боддог. Тэр дундаа шагайн харвааг тэвчээрийн тоглоом гэж хардаг. Ардын уламжлалт наадгайнууд монголчуудын ах захаа хүндэтгэх, эрэмбэтэй байх уламжлалыг өөртөө хадгалж ирсэн. Чи хэзээ ч ахмад хүний дээр суухгүй. Тэдний үгийг сонсох ёстой гэсэн эрэмбэ зиндааг хадгалж ирсэн тоглоом, наадгай байхгүй юу.
-Шагайн харвааг яагаад тэвчээрийн тоглоом гэж тодотгож байгаа нь сонин байна?
-Шагай харвах хялбархан юм шиг хүнд санагддаг байх. Хөндлөнгөөс харахад шүү дээ. Гэтэл нэг хуруугаараа сумаа няслаад, есөн тохой зайд байгаа жижигхэн байг ононо гэдэг маш их анхаарал, тэвчээр шаарддаг. Түүгээрээ их өөр. Шагай харваж сурснаар миний зан араншин их өөрчлөгдсөн гэж боддог. Залуу байхдаа тэвчээр муутай, үг сөрвөл сөрчихдөг л байлаа. Одоо бол зан араншин их өөрчлөгдсөн. Аливаа зүйлийг олон талаас нь бодно. Энэ чинь тэвчээрийн нэг шинж чанар. Түүнээс гадна, монгол ёс заншлаа мэдээд, ахмадуудаа хүндлээд, эрэмбэтэй болоод ирэхээр маш олон зүйлийг бодогдуулдаг. Шагайн харваанд баг амь нэгтэй байх ёстой гэдэг зарчим үйлчилнэ. Багийн ахлагчийн үг хууль байх ёстой. Шагайн модны ард суухдаа эрэмбээрээ суудаг. Тун ч нарийн дэг ёс, эрэмбэтэй. Хоёрдугаарт, шагайн харваа монгол ёс заншил, уухай, түрлэгээс эхлээд монгол хувцаслалт гээд бүхий л зүйлийг хадгалж ирсэн. Тиймдээ ч энэ тоглоомыг тоглосноор зан араншин төлөвшиж, үндэсний ёс заншил, соёл уламжлалаа хадгалах чадварыг бий болгосон гэж харж байгаа. Одоо ч гэсэн зарим зүйлийг хийж байхад ахмад харваачдын хэлсэн үг, хийсэн үйлдэл зурсхийгээд л орж ирдэг, хэрэг болдог. Миний амьдралд эерэгээр нөлөөлсөн. Олон сайхан найз нөхөдтэй болсон. Шагайн харваагаар хичээллэж байгаа бүх хүмүүс бүгдээрээ бие биеэ таньдаг, мэддэг. Найз нөхрийн хувиар, эсвэл сургаар таньдаг болчихсон. Үүгээрээ шагайн харваа онцлогтой. Түүнээс гадна, “тойром харвах” гэж байдаг. Шагайн харвааны тэмцээн гэж ерөнхийд нь ойлгож болно. Хавраас намрын хооронд маш олон тойрмууд зохион байгуулагддаг. Монголын бүх аймгуудад тойром байна. Тэр болгон руу харваачид өөрсдөө сэтгэлээрээ очиж тоглодог юм.
-Та Багануурынхаа багт багтаж, тоглодог байсан уу?
-Би Багануурт очоод шагай харваж сурсан гэж түрүүнд хэлсэн дээ. Найз минь шагай харваанд хөтөлж оруулсан юм. Тийм болохоор Багануурын багт харьяалагдаж, шагай харвадаг байлаа. Маш сайн баг байсан. Улсын тэмцээн, наадам, том том тойрмуудад оролцож, заримд нь маш сайн оролцож байсан түүхтэй. Залуу байхдаа сайн харвадаг байлаа.
-Сур харваанд хэдэн сумнаас хэд онож байгаагаар нь цол өгдөг. Шагайн харваанд ямар үзүүлэлтээр цол өгдөг юм бэ?
-Улсын мэргэн цолыг авахын тулд улсад заавал байр эзлэх ёстой. Эсвэл наадамд байр эзлэх ёстой юм. Би улсад байр эзэлж, хүрэл медаль авч, Улсын мэргэн цол авсан. Гайгүй харвадаг харваачдын тоонд ордог байсан. Одоо шагайн харваанаасаа жаахан хөндийрчихөж. Гэхдээ зун заавал нэг юм уу хоёр удаа өөртөө цаг зав гаргаж, шагай харвадаг. Миний машинд хашлага, сум, хасаа гурав байнга явдаг юм. Энд тэнд болдог тойромд очиж оролцоно. Хуучин хамт тоглодог байсан найзуудтайгаа нэг баг болоод харвана. Хашлаганыхаа салхийг үргээж байгаа хэлбэр юм уу даа.
-Өөрийн гэсэн хашлага, сумыг тусгайлан хийлгэдэг гэсэн үг үү?
-Харваач болгон өөрийн гэсэн хашлага, сумтай явдаг. Харин баг өөрийн мод, хасаа, тохойтой явдаг юм. Бүр өөрийн сандалтайгаа ч явна. Есөн тохой газраас харвадаг учраас нарийн хэмжих гэж өөрийн гэсэн тохойтой явдаг юм. Түүнээс биш хүний хашлага, сумаар харваж, бусдын хэрэглэлийг хэрэглэнэ гэж байхгүй. Хуучин хашлагаа солих шаардлагатай болоод шинийг авахад хүртэл эвгүй байна шүү дээ. Хуучин хашлагаараа харваад сурчихсан, дассан байдаг учраас тэр. Хашлага чинь урт, богино, өргөн, нарийн янз бүрийн л хэлбэртэй байна. Модноосоо шалтгаалаад гулгах нь хүртэл өөр. Тийм учраас шагай харвадаг хүнд өөр нэгний хашлагаар, сумаар харвана гэдэг ойлголт байхгүй. Тухайн хүний хурууны байдал, нясалгааны хэлбэрээс шалтгаалаад сумны нисэлт өөр өөр байдаг. Жишээлбэл, би өөртөө таарсан сумтай болъё гэвэл өөрөө хийлгэнэ. Сум тавьж үзээд, тохируулна. Сум нэг бол хүнд байна, эсвэл хөнгөднө. Нясалгааны эрчээсээ хамаарна. Хүчтэй, эрчтэй нясалгаатай хүн бол хүндхэн сумтай барина. Зөөлөн нясалгаатай хүн хөнгөн сумтай байхгүй бол болохгүй.
Хувь хүний өөрийн арга барил, техникт тааруулж хийнэ гэсэн үг. Түүнээс биш нийтэд нь нэг хашлага, сум тарааж өгөөд, шагай харва гэвэл бүтэхгүй. Би өөрийнхөө сумыг санамсаргүй байдлаар гээлээ, эсвэл эвдэрлээ гэж бодъё. Өөр хүний сумаар харвалаа гэхэд тэр хасааг хэзээ ч онохгүй. Шагай харвадаг сумыг бугын эврээр хийдэг юм. 26 наснаасаа хойш шагай харвахдаа сумаа гурван удаа л сольсон. Сумыг хагарах, эмтрэх, элэгдэх үед л сольдог юм. Сум бүхэлдээ элэгдэнэ гэж байхгүй л дээ. Нэг бол хагарна, үгүй бол булангаасаа эмтэрчихдэг. Хүний харваж байгаа сум хасааг очиж онодог нэг л өнцөг байдаг. Нэг бол баруун бөөрөө, үгүй бол зүүнээрээ. Эсвэл урд үзүүрээрээ ч юм уу. Тэр тухайн хүний яаж харваж байгаа арга барилаас болно. Байнга нэг үзүүрээрээ ч юм уу, бөөрөөрөө оноод байвал сум тэр хэсгээрээ элэгдэнэ биз дээ. Тэгээд л сольдог юм. Сүүлийн сумаа бариад 10 жил болж байна. Байнга харвахгүй болохоор удаж байна. Шагай харвах гээд сууж байхад элдэв янзын юм бодохоо больдог. Зөвхөн шагайндаа л төвлөрнө. Есөн тохой зайнаас жижигхэн хасааг ононо гэдэг анхаарлаа маш сайн төвлөрүүлж байж л хийх ажил.
-Нэг талаараа бясалгал ч гэж хэлж болохоор юм биш үү. Бүр эерэг, сөрөг бодлоо толгойноосоо авч хаяад, нэг зүйлд төвлөрч байна гэхээр?
-Бясалгаж байгаагүй болохоор зүйрлэж сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шагайн модны ард хашлага, сумаа бариад суусан хүн бүх бодол санаагаа зөвхөн түүндээ л төвлөрүүлдэг. Тэгж байж л амжилтад хүрнэ. Хөндлөнгөөс нэг хүн шар малтах, уур хүргэхэд хүний сэтгэлгээнд шууд нөлөөлдөг. Адаглаад л тийм хөндлөнгийн зүйлд автахгүй байхад шагайн харваа сургадаг. Одоо шагай харвах гэж байх үед хөндлөнгөөс нөлөөлөхийг дүрмээрээ хориглочихсон. Түүнээс биш, хуучин өөр байлаа. Анх шагай харваж байхад хаалттай, зөвшөөрдөггүй тоглоом байсан юм. Бид өөрсдөө жижигхэн өрөөнд цуглаад, ахмадуудтайгаа хамт шагай харвадаг. Тэр үед дандаа хажуугаас хор шар малтдаг байлаа. Эсвэл инээдийг нь хүргэнэ, анхаарлыг нь сарниулна. Алдаж харвуулахын төлөө л янз бүрийн арга хэрэглэж байсан гэсэн үг. Харин шагай харвадаг хүмүүс хэзээ ч мөрийтэй тоглож байгаагүй юм шүү.
Дээр үед ч, одоо ч гэсэн шагай харвахдаа ямар нэг мөрий тавьдаггүй. Гэхдээ шагай маш өрсөлдөөнтэй, хор шар хөдөлгөдөг тоглоом учраас хожигдсон баг нь хожсон баг дээрээ заавал очиж тоглодог. Даагаа нэхдэг. Даагаа нэхнэ гэдэг чинь үүнээс улбаатай юм. Манай нутагт өөр аймаг, сумаас нэг баг ирж шагай харвалаа гэж бодъё. Мэдээж нутагтаа хожигдохгүйн төлөө л тоглоно. Хэрвээ хожигдвол заавал өрсөлдөгчийнхөө нутагт нь очиж тоглодог тийм л тоглоом. Нутагт нь очиход тэр баг нь тоглохгүй байж бас болно. Шарыг нь малтаж байна гэсэн үг. Гэхдээ ингэлээ гээд найз нөхдийн харилцаа сэвтэнэ гэж байхгүй. Аль ч нутагт шагай харвадаг айлд очиход гэртээ урьж цайлаад, сайхан ярилцаад, дараа нь тоглодог. Ийм сайхан уламжлал. Ингээд бодохоор шагайн харваа монголчуудын эв нэгдлийг үеийн үед гагнаж байж. Одоо ч гэсэн тийм байгаа гэж би боддог. Ахмадуудаа хүндэтгэж сургаж байна. Шагайн модны ард суусан ахмад хүн нэг үг хэлэхэд сөрөх эрх байдаггүй. Буруу ч бай, зөв ч бай. Гэхдээ намайг шагай харваж эхэлж байх үеийн ахмадууд хэзээ ч буруу зүйл хэлж байгаагүй. Алдаа гаргавал хатуу үг хэлнэ үү гэхээс.
-Улсын наадмаараа нэг сайхан шагай харвах юмсан гэж хааяа бодно биз?
-Бодогдох үе олон бий. Гэхдээ би модны ард суухад дөрвөн сумнаас нэгийг нь онохгүй өнгөрлөө гэхэд хасааных нь хажууд тавина. Мод руу бол харвахгүй. Дутуу харвахгүй гэсэн үг. Би бараг мэргэшсэн шахуу байсан. Гэхдээ харвахаа болиод, хөндийрчихөөр хэцүү байдаг юм. Удаан хөндийрөхөөр ономоор санагдаад, ойрхон харагдаад байгаа боловч барьснаас өөр газарт л сум тусдаг.
-Ярилцлагын эхэнд та уран зураг сонирхдог гэж ярьсан. Зураг сонирхдог хүн мэдээж цуглуулгатай байгаа байх?
-Цуглуулгатай гээд, тоо хэлээд байхаар олон зураг байхгүй. Гэхдээ сайхан зурагнууд надад бий. Олон янзын зураачийн зураг надад байхгүй. Анх 1994 оноос эхэлж зураг сонирхсон. Тэр үед зураачдын зураг үнэгүй шахуу, зураг сонирхдог хүн гэж бараг байдаггүй байлаа. Яагаад зурганд дуртай болсон юм бэ гэж асуух байх. Тохиолдлоор миний найз намайг нэг зураачийнд дагуулж очсон юм. Тэр нь манай зураачдын маш сайн мэдэх Ё.Өлзийхутаг гуайнх байсан. Маш сайн зураач байлаа. Гэртээ урлантай. Намайг очиход Ё.Өлзийхутаг гуай надад өөрийнхөө зургийн талаар, зураг яаж бүтдэг гэдгийг тамхи татаж, цайлах зуураа ярьж өгсөн. Тэр цагаас хойш уран зураг сонирхдог болсон юм. Ё.Өлзийхутаг гуайн амьдрал тэр үед тийм ч сайн биш, зураг нь борлогддоггүй. Тийм үед би зургийг нь сонирхож, худалдаж авч байлаа.
Надад Ё.Өлзийхутаг гуайн нэлээд олон зураг байдаг. Би Ё.Өлзийхутаг гуайгаас нэг зураг зурж өгөөч ээ гэж гуйж байсан юм. Тэр ямар зураг гээч. “Бурхан Халдун уулын тахилга” гэдэг зураг. Бурхан Халдун уулын тахилгыг яаж хийж байсан түүхийг надад Ё.Өлзийхутаг гуай өөрөө эхлээд ярьж өгсөн юм. Өөрөө “Бурхан Халдун” уулын зургийг зурж байсан. Одоо Монголын түүхийн музейд байгаа. Тэр зургаа зурах гээд явж байхдаа хэчнээн судалбар зураг зурснаа надад үзүүлсэн. Мөн яаж тахидаг түүхийг ярьж өгсөн. “Чингис хаан Бурхан Халдун уулыг тахихдаа гурван овоонд тахилга үйлддэг байсан. Доод, дунд, дээд гэж гурван овоо байсан юм. Ямар учиртай гурван овоо байсныг мэдэх үү чи” гэсэн. Би ч тэр үед хүүхэд байсан юм чинь юу мэдэх вэ дээ. “Та надад сайхан яриад өгөөч л” гэсэн. Гэтэл нүдэнд харагдтал ярьж өгсөн. “Чингис хаан Хэнтий руу очиж, Бурхан Халдуныг тахихдаа цэргүүдээ доод овоондоо мөргүүлдэг байж. Харин дунд овоонд нь цэргийнхээ дарга нарыг мөргүүлдэг. Өөрөө болохоор дээд овоогоо тахидаг байсан юм. Энэ түүхийн өгүүлэмжтэй зургийг би чамд зурж өгөх үү” гэсэн. Би ч зөвшөөрч, сайхан томоор зурж өгөөрэй гэж гуйлаа. Ингээд л зургаа зурж өгсөн дөө. Хоёр зураачтай нийлээд гурвуулаа зургаан сарын дотор зурсан.
Гайхамшигтай зураг. Миний гэртээ хадгалж байгаа хамгийн үнэтэй хөрөнгө тэр зураг гэж би боддог. Миний найзууд орж ирээд, тэр зургийг хараад гайхдаг. Худалдаж авъя гэсэн санал ч тавьдаг. Би хэзээ ч зөвшөөрдөггүй юм. Миний үр хүүхдэд үлдэх нэг том өв байх ёстой биз дээ. Монголын чадалтай зураачийн нэг сайхан бүтээл байх хэрэгтэй. Хамгийн том зураг нь тэр. Түүний дараа Ё.Өлзийхутаг гуайгаас “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн хэдэн зураг зураад өгөөч гэж гуйсан. Хэд хэдэн зураг зурж өгсөн. Чингис хааны мэргэдүүдээс зугтаж яваа зураг байна. Анд явж байгаа, найман шаргаа хөөж яваа гэх мэт цөөнгүй зураг бий. Би хадгалж байдаг юм. Ё.Өлзийхутаг гуай байгаль, морины зургийг сайхан зурна. Тэр дундаа морийг гайхалтай зурдаг зураач байсан юм.
-Өөр ямар зураачийн гайхалтай бүтээл таны цуглуулгад байна?
-Зураач Г.Одон гуай манай хадмын хөрш байлаа. Түүнийг бурхан болсноос хойш хөгшин нь манай хадмынд орж ирээд ярьсан байдаг юм. “Д.Эрдэнэбат зураг сонирхдог гэсэн. Манай хөгшний ганц хоёр зураг байна. Гадагш нь алдчихгүй, найдвартай хүнд өгмөөр байх юм. Танай хүргэнтэй нэг яримаар байна” гэж. Тэгээд би гэрт нь очоод, ямар зураг байгааг нь сонирхсон. Надад гурван зураг үзүүлсэн. Нэг нь “1206 он” гэдэг зураг. Маш гайхамшигтай зураг байсан. Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилж байгааг дүрсэлсэн зураг. Гэхдээ би энэ зургаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид өгсөн. Бас л уран зураг сонирхдог, цуглуулдаг хүн шүү дээ. Анх Ерөнхийлөгч болсныхоо дараа тэр зургийг үзчихээд надад өгөөч гэсэн. Би “Ерөнхийлөгч, АН-ын хүн юм байна, 1206 он гэдэг зураг юм байна.
Би танд энэ зургийг худалдахгүй. Хоёулаа зураг солилцоё. Та надад нэг сайхан зураг өгөөрэй. Энэ зураг Монголын Ерөнхийлөгчийн өргөөнд залрах ёстой байсан юм байлгүй дээ” гээд өгсөн. Тэр зургийн оронд надад О.Цэвэгжав гуайн зурсан “Ээж хайрхан” гэдэг зураг өгч байлаа. Эхний зургийн түүх ийм. Харин хоёр дахь зураг нь “Дэлүүн болдог” гэдэг зураг. Чингис хаан морьтойгоо Дэлүүн болдог дээр зогсч байгаагаар дүрсэлсэн. Одоогоор бодвол, Хэнтий аймгийн Дадал талыг илүүтэй харуулсан. Гурав дахь нь “Өүлэн эх” гэдэг зураг. Өүлэн ээж голын эрэг дээр хүүхдүүдтэйгээ байгаа. Хүүхдүүд нь ямааны арьс дэлгэчихсэн нум сум харваад зогсч байдаг. Харин Өүлэн ээж утас ээрээд, хүнтэй юм яриад сууж байгааг харуулсан зураг байдаг юм. Ийм л гайхамшигтай гурван зураг өгсөн. Одоо хоёр зураг нь манай гэрт байгаа.
-Танд байгаа зургууд чинь яагаад ч юм Чингис хааны үүх түүхтэй холбоотой юм байна?
-Миний сонирхож авсан зургуудын ихэнх нь тийм. Гэхдээ үнэхээр чадалтай зураачдын чанартай бүтээл. Түүнээс биш зурганд дуртай гээд олон янзын зураачийн зураг цуглуулаад байдаггүй. Орчин үеийн зураачдаас Ц.Нарангэрэлийн хэдэн сайхан зураг бий. Зарим зургаа хүүхдүүддээ өгсөн. Миний хоёр охин тусдаа гарч, айл гэр болчихсон. Нэг нэг зураг бэлэглэсэн. Зураг гэдэг маш үнэтэй бүтээл болчихсон. Яг намайг зураг сонирхож байх үед бол зураачдын амьдрал тийм ч сайн байгаагүй. Зураг авах хүн олдохгүй, зураг нь үнэд ордоггүй. Харин 2000 оноос эхлээд зураг үнэд орж эхэлсэн. Хувьдаа бизнестэй, хөрөнгөтэй хүмүүс ч бий болсон. Соёл урлаг сонирхдог хүмүүс ч их болсон. Бизнес хийж, хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүс урлагийн бүтээлүүдийг сонирхож эхэлсэн. Зөвхөн уран зураг биш. Бурханы, түүх соёлын бүтээлүүдийг сонирхож, цуглуулдаг болсон. Одоо зураг тамтаггүй үнэтэй болсон байна. Гайгүй зурдаг зураачийн бүтээлийн үнийг харахад л нэлээд өндөр байдаг. Гэхдээ хэзээ ч өмнөх үеийн агуу зураачдын бүтээлийг гүйцэх бүтээл хэсэгтээ л Монголд гарахгүй гэж боддог юм.
-Зургуудаа та тодорхой хэмжээнд үнэлж авч байсан байх. Нууц биш бол хамгийн үнэтэй зургаа хэдээр авч байв?
-Тэдэн төгрөгөөр авч байсан гэж яриад яах вэ. Тэр үед зураг хямдхан байсан. Г.Одон гуайн зургийг авахад хөгшин нь надаас тэдэн төгрөг өгчих гэж нэхээгүй. “Миний хүү өөрийнхөө бололцоогоор л үнэлээд авчих” гэж хэлсэн. Гэхдээ би тэр үед тийм зургийн ханш ямар байсан, түүнийг нь өгөөд л авсан. Энэ зураг Монголдоо байх ёстой шүү гэж хэлэхэд нь үнэхээр их баярласан. Тэр үед гадныхан маш их зураг авч явдаг байсан. Манай чадалтай олон зураачийн агуу бүтээлүүд гадагшаа гарсан даа. Тийм болохоор урлагт хайртай хүмүүс гайгүй бүтээлүүд нь Монголдоо үлдчихээсэй гэж сэтгэл гаргадаг байж. Надад байгаа зурагнууд мөнхөд Монголдоо үлдэнэ.
-Танд гадаадын алдар суутай зураачдын бүтээлээс байдаг уу?
-Гадаадын зураачдын бүтээлээс нэг ширхэг ч байхгүй. Би огт сонирхдоггүй. Зургийг нь харж, сэтгэлийн таашаал эдэлдэг. Энд тэнд явахдаа агуу бүтээлийг үзэж, биширдэг. Гэхдээ тийм зургийг худалдаж авах аргыг нь ч би мэдэхгүй. Үнийг нь ч мэддэггүй. Харин Монголоороо бахархдаг. Монголын маань зураачид үнэхээр агуу бүтээлийг туурвиж чадсан юм шүү.
ярилцсан: Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
эх сурвалж: http://dardas.mn/