2015.07.21 10:07
Америк дахь монголын шагайн салбар хорооны тэргүүн Улсын дэд мэргэн Б.Жавхлантөгстэй ярилцлаа.
-Та Америкт ажиллаж амьдраад нэлээд хугацаа өнгөрлөө. Таныг тэндээ шагайн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа гэж сонссон. Монгол Улсын харцага хүн яагаад шагайнд орчихов оо?
-Би Америкт очоод 11 жил амьдарч байна. Америкт очоод хэдэн жил болж байсан чинь манай нэг дүү ирээд тэнд хүмүүс шагай харвадаг юм байна, хэдүүлээ очиж харвах уу гэсэн. Би ч тэгье гээд хоёр дүүтэйгээ очсон л доо. Паркад очсон чинь цөөхөн хэдэн хүн шагай харваж байсан. Анх сонирхоод шагай харваж үзлээ. Харвасан чинь сум нь хүрэхгүй, онох ч үгүй юм билээ. Би тэр хэдийгээ бодвол спортын хүн юм чинь “Та нар холбоо байгуулаад ажилладаг уу. Данс, санхүү байдаг юм уу” гэж асуусан. Тэгсэн “Бид холбоорхуу нэртэй гэхдээ яг нэр усаа авсан юмгүй. Данс байхгүй” гэдэг юм. Би хоёр дүүтэйгээ нийлээд бид гурав танай шагайнд нэгдэж ороод 50, 50 доллар хандивлая гэсэн. Нөгөөдүүл ч гэсэн бөөн баяр тэг тэг гээд шагайнд орж байлаа. Анх намайг очиход шагай тоглодог тав, зургаан хүн л байсан. Тэр дунд ороод шагай харваад эхэлсэн дээ. Жил гаран болж байсан овоо хэдэн хүн нэмэгдсэн шүү. Тэгээд ерөөсөө бүгдээрээ албан ёсны холбоо байгуулаад гэрчилгээ, тамга тэмдэгтэй болоод цаашдаа жаахан хөгжвөл яасан юм гэсэн санаа хэлсэн. Шагай тоглодог хүмүүс уриалгахан зөвшөөрсөн юм. Шагайнд нэлээд идэвхтэй А.Шижирболд гээд залуу бий. Тэр залуу Улсын баяраар Америкаас энд ирж шагай харвасаар байгаад одоо улсын гарамгай мэргэн цол авчихсан. А.Шижирболд Монголын шагайн холбоо руу утсаар ярьсан чинь дарга нь холбоо байгуулж болно гэсэн л дээ. Та нар хурлаа хий, бид гэрчилгээ, тамга тэмдэг явуулж болно гэсэн. Тэгээд тэндээ хурлаа хийж холбоо, салбараа байгуулсан юм. Бидэнд мэргэжлийн шагайн харвааг заагаад өгөх хүн байгаагүй. Б.Ганболд, А.Шижирболд хоёр л бидэнд шагай харвахыг зааж өгнө. Бусад нь юу ч мэдэхгүй таг хүмүүс. Гэхдээ бүгдээрээ шагайнд их идэвхтэй байсан. Тэгж байтал Америк дахь монголын шагайн салбар хороо гэсэн гэрчилгээ авч, шагайн холбооны дүрэм номыг авсан. Тэгээд намайг холбооны тэргүүн болгож байлаа. Одоо ч гэсэн холбооныхоо тэргүүнээр ажиллаж байна.
-Тэндээ шагайн харвааны цол олгодог уу?
-Бид холбооны гэрчилгээг нь авчихаар бүхэл бүтэн аймгийн статустай болчихож байгаа юм. Дүрэм номыг нь уншихаар бидэнд цол хэргэм авч болохоор байсан. Тэгэхээр нь Монголын шагайн харвааны холбоотой холбогдоод бид аймгийн статустай юм чинь цол хэргэм олгож болох уу гэхэд болно гэсэн. Цол хэргэм өгөх дүрмийг нь уншсан чинь бид чинь цөөхүүлээ шүү дээ. Тухайн үед гурав, дөрвөн л баг гардаг байлаа. Монголын шагайн холбооны дүрмээр явбал гурван жилийн дараа бүх хүмүүс аймгийн цолтой болчих гээд байсан юм. Тиймээс энэ зарчим бас болохгүй юм байна гэж үзээд өөрсдөө тэр зарчмыг бүр хатууруулсан. Хоорондоо ярилцаад цол олгох босгыг нь илүү өндөр болгосон л доо. Сүүлдээ үүнийгээ Монголын шагайн холбоогоор батлуулж авсан юм. Америкт Сан Франциско, Лос Анжелос, Чикаго хотод шагайчид байдаг юм. Тухайн үед Чикаго хотын шагайчид өөрсдөө шагайн холбоо гэсэн бичиг цаас авчихсан байсан. Хоёр газар цол олгох болоод бас жаахан буруудах маягтай болсон л доо. Тэгээд нөгөөдүүлтэйгээ уулзаад нэг холбоо болгоё гэж ярилцаад нэг холбоо болгосон. Одоо нэг холбоо болоод нэлээд хэдэн жил болж байна.
-Америкт шагайн харваа нэлээд хөгжиж байгаа юм аа даа?
-Америкт шагайн холбоо байгуулагдсанаас хойш сайхан хөгжиж л байна. Яг ч монгол шиг хөгжөөгүй л дээ. Гол нь зааж сургах багш нар их ховор байна. Гэхдээ нэг үеэ бодоход сайжирчихсан. Шагайн дүрэм номыг сайн уншина. Бид анх шагай тоглож эхэлж байхад дүрмээ сайн мэддэггүй байсан. нодлин уржнан Монголын шагайн холбоо хуралдаад удирдлагаа солиод шинэ дүрэм баталсан. Тэр дүрэм номноос нэлээдийг авсан. Манайд дүрэм номгүй хүн ховор. Багийн ахлагч нар бүгд дүрэм номтой. Номоо уншаад энэ дээр ингэж заасан байна гээд л үзчихнэ шүү дээ. Бүр дээр үеэс уламжилж ирсэн нарийн зүйлийг бид бараг мэдэхгүй. Одоо бол нэлээд суралцаж байна. Монголоос хүмүүс очно. Өөрсдөө ирж судална гээд хуучнаа бодвол бид илүү дээрдсэн.
Дээр нь Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээнийг жилдээ нэг удаа хийдэг юм. Тэрийг хийгээд нэлээд олон жил болж байна. Энэ жил аравдугаар сарын 17-нд Чикагод болно. Энэ тэмцээнийг гол шагайчид байгаа газар буюу Чикаго, Сан Францискод жил жилээр ээлжилж хийдэг юм. Тэр тэмцээнээр монголоос өндөр цолтой шагайчид очдог. Монголоос шагайчид явахдаа их сайн дэглэмтэй янз бүрийн зөрчилгүй явдаг юм. Хүн үлдэж хоцорно гэж байдаггүй учраас ер нь жилд Америкийн визэнд орсон болгон нь гарчихдаг. Америкийн шагайн аварга шалгаруулах тэмцээн өнөр өтгөн сайхан болно шүү. Нэг багт зургаагаас есөн хүн байдаг юм. Тэмцээнд үндсэндээ 10-аад баг харвадаг. Энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүргийн 50 жилийн ойгоор очиж шагай харвасан. 12 баг оролцож байна лээ. Тэнд өөр дүүргийн хүмүүс орж байгаа шүү дээ. Ер нь шагайг тэр болгон харвая гээд харвачихдаг зүйл биш. Хөлбөмбөг, сагсанбөмбөгийг бараг хүн болгон л тоглож чадна шүү дээ. Шагайг бол чадахгүй, үүнд маш их хөдөлмөр хэрэгтэй. Шагайг Америкийн хэмжээнд нийтдээ 10-аад баг харвана гэхээр өндөр үзүүлэлт. Шагайчид Америкт хэдэн баг гардаг вэ гэж асуудаг, 10-аад байгаа гэхээр гайхдаг л даа.
-Америкт амьдарч байгаа монголчуудын аварга шалгаруулах тэмцээн жилдээ нэг удаа болдог учраас нэлээд дэг журамтай болдог байх даа?
-Тэгэлгүй яахав их дэгтэй болно. Өнгөрсөн жил Америкт шагай үүсч хөгжсөний 10 жилийн ой, мөн шагайн холбоо Америкт үйл ажиллагаагаа явуулж эхэлсний таван жилийн ой болсон. Тэр үеэр Дорноговь аймгийн шагайн салбарын хорооны тэргүүн Отгонбаяр ирсэн юм. Тэгээд энд шагай их сайхан хөгжиж гээд ирэх жилийн тэмцээнийг ивээн тэтгэхээ амалсан. Тэр тэмцээнийг зохион байгуулахад дор хаяж таван мянган доллар зарцуулагддаг юм. Тус шагайныхаа тэмцээнийг хоёр өдөр тэмдэглэдэг. Эхний өдөр нь зааланд багуудаараа тэмцээнээ хийсний дараа шагнал гардуулах ёслол болдог юм. Дараагаар нь хоол ундаа идээд, бүжиг болсны дараа тараад маргааш нь паркад цуглаж, монголчуудаараа хорхог хийж баярладаг. Ер нь манай үйл ажиллагааг Монголын шагайн харвааны холбооноос их дэмждэг. Манайх бас тэр хэмжээгээр нь нэлээд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж жил бүр оны шилдэг харваач, багаа шалгаруулдаг юм.
-Таныг жил болгоны наадмаар ирж шагайн харваанд оролцдог гэсэн. Танай багийнхан дандаа Америкийн шагайн холбооны хүмүүс үү?
-Сүүлийн үед монголчууд Улсын баяраар ирж шагай яаж сайн харвахыг харж байна. Гэхдээ жил болгон ирэх хэцүү. Уржнан хоёр хүүхэд, эхнэртэйгээ дөрвүүлээ ирсэн. Энэ жил хоёр хүүхэд маань үлдсэн. Ер нь жил болгон ирэхийг хичээж байна. Жил болгон чаддаггүй юм аа гэхэд өнжөөд нэг ирэх бодолтой байна.
Америкийн багийн хүмүүс бүгд ирж чадахгүй шүү дээ. Тэр ч санаагаар болохгүй зүйл. Бичиг баримтгүй харалчихсан хүмүүс бий. Энэ жил хоёр, гурван хүн ирчихсэн байна лээ. Нэг багт доод тал нь долоо эсвэл есөн хүн байх ёстой. Энд ирээд эндхийн багт орж харвадаг. Би энэ жил үлэмж дархан мэргэн М.Нямаа гээд нутгийнхаа дүүгийн багт орж харвалаа. Дүү маань Америкт тавдугаар сард очоод тэнд хэсэг амьдарсан юм. Тэр хугацаандаа шагай харвадаг байсан юм.
-Та одоо шагайн ямар цолтой болсон бэ?
-Уржнан Сэлэнгэ аймгийн үлэмж дархан мэргэн Т.Гантулгын багт орж харваад Улсын дэд мэргэн цол авсан. Улсын аварга юм уу, Улсын наадамд эхний гуравт эхний удаа орвол дэд мэргэн, хоёр удаа орвол мэргэн, гурван удаа бол гарамгай мэргэн цол авдаг юм байна. Тэгээд дээшээ явдаг юм билээ. Үндсэндээ одоо улсын хоёр цолтой болчихоод байгаа юм.
-Америкт яаж нааддаг вэ?
-Парк дээр тэмдэглэх зөвшөөрөл авчихдаг юм. Монголчуудыг төлөөлсөн холбоо гэж байдаг юм. Тэд наадам хийх зөвшөөрөл аваад монголчууд маань өөрсдөө тэр холбоондоо хандив өргөөд хамжиж дэмжиж, элбэж дэлбээд л хийнэ дээ. Америкт хүн нь арай цөөн, морь уралдахгүй л болохоос наадам сайхан болдог шүү. Дээл хувцсаа өмсөөд, нүдээ бүлтийтэл гоёж гоодоод л сайхан наадна даа. Өөрсдөө хоол ундаа бэлдээд ирнэ. Монгол худалдаа гарч, хуушуур буузаа хийгээд зарна.
Тэнд бид тусад нь талбай засч байгаад шагайныхаа тэмцээнийг хийдэг. Мөн үзэгчдийн дундах тэмцээн гээд шагай харвадаггүй хүмүүс дунд тэмцээн зохиогоод оновол бид өөрсдөө бай шагнал урамшууллаа өгдөг юм. Хэн нэг нь шагайг сонирхоод шагайнд орно гэвэл хашлага, сум олж өгнө, бэлэглэнэ. Бидний гол зорилго нь шагайндаа нэг нэгдэхгүй, хоёр хоёрдохгүй хүмүүс оруулах сонирхолтой байдаг юм. Бас тэр болгон санаагаар болохгүй. Хүн болгон тэр бүр шагай руу орчихдоггүй юм.
-Америк хүн шагайг сонирхдог уу. Эмэгтэй хүн тоглодог уу?
-Эмэгтэй хүн тоглодоггүй. Манай тэнд Францис гээд америк хүн шагай харвадаг юм. Тэр хүн их уран. Холливудын кинонуудын дээр үеийн зэр зэвсэг, байлдааны сэлэм, бамбай, жад хийдэг хүн. Өндөр нас тогтчихсон хүн учраас чавх буу гэдэг юмаар харвадаг юм. Чавх буугаа ч их гоё хийдэг. Бид хаяа салхинд гарахдаа эхнэрүүдээ тэр чавхаар буудуулаад өөрсдөө харваж үзсэн. Гэр бүлээрээ шагай харваад хорхог, боодог хийж идээд волейбол тоглох үе бий.
-Шагай харвадаг хүмүүсийн хүүхдүүдээс шагайнд орсон хүн бий юу?
-Аймгийн гоц мэргэн Төмөрчөдөрийн хүүхэд сайхан шагай харвана. Бас аймгийн мэргэн Баяраа гэж залуу бий. Тэдний хүү бас харвана. Тэнд хүүхдүүд нь жаахан том болоод ирэхээр шагай харваж байна лээ. Улсын гарамгай мэргэн Шижирболдын хүү бас хөөрхөн харвана. Хүүхдүүдийн цаг зав бас болохгүй. Америкт нэлээд хөдөлмөрлөж байж амьдарна шүү дээ. Хичээл номондоо явна. дээр нь ажил хийнэ гээд зав муу.
-Аравдугаар сард болдог тэмцээндээ цолоо өгдөг үү?
-Ерөөсөө л гол цолоо тэр үед өгдөг юм. Аймгийн дэд мэргэн, мэргэн, гоц мэргэн цолуудыг олгодог. Шагайнд багийн харваа, цуваа харваа гэж хоёр ангилна. Монголд багийн харваа, цуваа харваанд эхний гуравт орсон хүнд цол олгодог. Манай тэнд дэд мэргэний багийн харваагаар авч болно. Харин гоц мэргэн, дэд мэргэнээ заавал цуваа харваанд Америкийн аварга шалгаруулах тэмцээн мужийн харваанд түрүүлж байж авдаг. Мужийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Бид чинь дотроо Иллинойс, Калифорни муж гэдэг ч юм уу. Бас мужийнхаа аваргад түрүүлсэн байх ёстой гэдэг шалгууртай. Цуваа харваанд түрүүлж, мөн Америкийн аварга шалгаруулах тэмцээнд цуваа харваанд түрүүлсэн байх ёстой. Дээр нь багийн амжилт үзүүлсэн байж аймгийн гоц мэргэн болдог юм. Энэ нэлээд чанга үзүүлэлт. Монголд багийнхаа амжилтаар таван удаа эхний гурван байрт шалгарсан байвал шууд гоц мэргэн болдог. Манай тэнд багийн амжилтаар хичнээн ч удаа таван амжилт гаргасан бай гоц мэргэн цол өгөхгүй. Тэгэхээр тамирчний түвшин өндөр болоод явдаг юм.
-Та одоо Америкт юу хийж байна?
-Паркетан шал хийдэг. Янз янзын шал хийнэ. Тэр шаланд өндөр мэргэжилтэн л болж байна даа. Шагай бол миний сонирхдог зүйл. Америкт ажил хийж амьдарч байна. Найз нөхөдтэйгөө хагас бүтэнсайнд парк дээр очиж салхинд гарангаа сайхан шагай харвадаг.
-Таны хашлагыг ямар модоор хийсэн бэ?
-Могойн модоор хийсэн. Энэ их хатуу мод. Америкт килограммаар зардаг юм. Энэ модыг монголд их сонирхож байгаа юм байна. Хүмүүстэй ярьж байхад хашлага, зурхай хийх моднууд нь энд ховор л байдаг юм байна. Манай тэнд их элбэг. Паркетан шалыг их хатуу модоор хийдэг юм. Тэр зурхай хийх гээд олдохгүй байгаа модыг паркетан шал хийчихээд үлдэгдлийг нь зүгээр хаячихдаг. Би их харамсдаг л даа. Тэрийг монгол руу явуулбал зөндөө их хашлага, зурхай хийх мод хаягдаж байгаа юм. Гэтэл энд их эрэлттэй байдаг. Гэхдээ би монголын шагайн холбоонд ганц, нэг мод явуулсан байдаг.
-Шагайгаар хэдэн насныхан голдуу тоглодог юм бэ. шагайгаар хичээллэхэд голдуу юуг анхаардаг вэ?
-Шагай спорт л болсон хойно голдуу миний насныхан харваж байгаа ч залуучууд илүү сайхан харвах юм. Хурдан сурч байна. Сайн ч харваж байна. Шагай монголд өндөр түвшинд хөгжчихсөн байна шүү. Бүгдээрээ зэрэг сайхан уухайлах юм. Олон хүн уухайлаад л байхаар бас сэтгэлзүйн бэлтгэл маш их хэрэгтэй. Өндөр бэлтгэлтэй л байхгүй бол их уухайлахаар сандарч гар хөл нь чичирч алдаа гаргаж магадгүй. Шагай харвах бас л техниктэй. Техникээ буруу хийдэг ч юм уу. Эсвэл дутуу хийгээд л алдаж, хожил өөрчлөгдчихнө шүү дээ. Тиймээс алдаа гаргахгүйн төлөө сэтгэлзүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Мөн зоригтой харвах хэрэгтэй. Шагайн харваа спортод юу байх вэ бүгдийг л агуулдаг юм.
-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Миний аав Архангай аймагт хоёр удаа түрүүлсэн аймгийн хурц арслан Болд гэдэг хүн бий. Гэр бүлийн хүнийг маань Энхтуяа гэдэг. Гэргий, охин, хүү дөрвүүлээ амьдарч байна. Би улсын заан Дөвчин гэдэг хүнийг их хүндэлдэг юм. Тиймээс хүүдээ Дөвчин гэдэг нэр өгч байлаа. Манай хүү энэ жил Америкт дунд сургуулиа төгслөө. Сан Францискогийн их сургуульд элсэн орж байгаад их баяртай байгаа. Банди маань сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээд тоглодог. Нэг хэсэг жүдогоор хичээллэсэн. Нэлээд их медальтай шүү. Сүүлдээ жүдогоо больчихно лээ. Залхуураад байгаа юм уу даа.Манай охиныг Танан гэдэг. Усан спортоор хичээллэдэг.
-Таныг сайн бөх гэдгээр чинь хүмүүс андахгүй. Дасгалжуулагч хийгээд нэлээд олон бөх бэлдэж гаргасан байх аа?
Би шагай гэхээсээ илүү бөхийн хүн. Улсын харцага. Үндэсний бөхөөс илүү чөлөөт бөхөөр барилдсан юм. Би чөлөөт бөхөөр олимп, дэлхийн аваргад орж байлаа. Олимпод хоёр удаа, дэлхийн аваргад дөрвөн удаа орж байсан. Дэлхийн цомын мөнгө хүрэл медальтай. Ази тивийн мөнгө, хүрэл медальтай. Улсын олон удаагийн аварга гээд чөлөөт бөхөөр хөөрхөн амжилт ярина шүү.
“Алдар” нийгэмлэгт насаараа ажилласан. Цэрэг байхаасаа ирээд л “Алдар” нийгэмлэгт орсон. Би бас армийн хошууч цолтой хүн. Сүүлд Алдар нийгэмлэгийн
дасгалжуулагч болсон. Тэнд Г.Өсөхбаяр аварга тамирчнаар ирж би дасгалжуулагч нь байлаа. Энэ жил Г.Өсөхбаяр аварга намайг Архангайн бөхчүүдийн бэлтгэлд гараач гээд 10-аад хоног бэлтгэл хийсэн. 22-ын товчооноос цааш 50 км-т байдаг “Mongolian Nomadic” жуулчны баазад Архангайн бөхчүүд бэлтгэлд гардаг юм. Бөхчүүдийнхээ бэлтгэлийг харах сайхан байсан.
-Архангайн бөхчүүд хэр сайн байв аа?
-Бөхчүүд бэлтгэлээ их сайхан хийдэг болсон байна. Архангайгаас хоёр бөх гайгүй сайн барилдаж байна лээ. Ч.Санжаадамба шөвгийн дөрөвт үлдсэн. Бас шинээр Ч.Ганзориг улсын начин цол хүртсэн шүү дээ.
-Улсын баяраар бөх барилддаг байж байгаад одоо шагай харвахаар төвлөрч суудаг болж байна. Бөхөө үзмээр санагддаг уу?
-Наадам эхэлхээс өмнө шагайн харваа эрт эхэлчихдэг. Бөхийн барилдааны гол барилдаан буюу тавын даваанаас өмнө дуусчихдаг юм. Шагайн тэмцээнээ дуусгаад л бөх рүүгээ орчихдог юм. Бөхөө сайхан үзсэн.
-Та Америкт дасгалжуулагч хийхгүй юм уу?
-Манай тэнд чөлөөт бөхөөр хүүхдүүд хичээллүүлдэг залуу байдаг юм. Тэр, та хааяа ирээд бөхийн талаар хэлж яриач гэдэг юм. Миний зав чөлөө ч болохгүй байна. Одоо ч заах арга барил ч бас муудаа биз дээ. Сүүлдээ өөрийгөө голоод байх юм. Тэгээд ч бас шагайндаа дуртай болчихжээ. Тийшээ очиж байхаар ганц нэг найз нартайгаа нийлээд шагай няслаад явчихна. Сүүлийн үед шагайгаар донтож байна даа. Их дуртай болж. Шагайны том том залуучуудтай их сайхан танилцаж, найз нөхөд болж байна. Ерөөсөө шагайны хүн болж дээ. Бөх тоохоо байсан байна. Сайхан хашлага, гоё сум хаана байна гээд л хайдаг болж.
ярилцсан: С.Ариунжаргал
эх сурвалж: https://dnn.mn/