Монголын шагайн харвааны холбоо, Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас хамтран зохион байгуулсан “Үндэсний Шагайн харваа-ҮБТДС” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө. Улс оронд тохиолдоод буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уг хурал 2021 оны 02 дугаар сарын 25 – ны өдөр цахимаар зохион байгуулагдсан юм. Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын шагайн харвааны холбооны хүндэт ерөнхийлөгч МУҮДМ Д.Басхүү, Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч МУҮДМ Ш.Отгонбаяр, Монголын шагайн харвааны холбооны ерөнхий нарийн бичиг дарга МУМ А.Энхжаргал болон шагайн харваачид, сонирхогч, судлаачид оролцсон дэлгэр хурал болсон билээ.
Монгол үндэсний спортын нэгэн төрөл, ЮНЕСКО – гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол түмний уламжлалт наадгай шагайн харвааны талаар 10 илтгэл хэлэлцүүлсэн, шагайн харваа судлаач эрдэмтэд, гадаад дотоодын их дээд сургуулийн оюутан, магистрант, докторантууд оролцсон анхны томоохон хурал болсноороо онцлогтой.
Урьд өмнө яригдаж, судлагдаж байгаагүй цоо шинэ, сонин содон судалгааны бүтээлүүд судлан хэлэлцүүлсэн, олон зүйлийг таньж мэдсэн, бие биенээсээ суралцсан, санаа авсан, харилцан ярилцсан гэх зэрэг үр өгөөж дүүрэн бүтээлч хурал болов. Монгол шагайн харвааны өв соёлоо авран хамгаалах, бүртгэх, судлан шинжлэх, өвлөн уламжилж сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл цаашид өргөжин үргэлжлэх болно.
АВСТРАЛИ УЛС ДАХЬ ШАГАЙН ХАРВААНЫ ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ сэдэвт илтгэлээрээ Боловсрол судлалын магистр Т.Доржготов, МУБИС- ийн БТС-ийн багш, магистр Х.Чойжилжав нар тэргүүн байр
МОНГОЛ ШАГАЙН ХАРВААНЫ УЛАМЖЛАЛТ ЁС сэдэвт илтгэлээрээ Монголын шагайн харвааны холбооны нарийн бичгийн дарга, БНХАУ, ӨМӨЗО, Өвөрмонголын их сургуулийн докторант П.Жавзансүрэн дэд байр
ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА БА ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО сэдэвт илтгэлээрээ ОХУ-ын Москвагийн Үндэсний Судалгааны Их Сургуулийн оюутан П.Болдсайхан , удирдагч багш: Ч. Батмөнх (Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн) гутгаар байр
САРТУУЛ ШАГАЙН ХАРВАА сэдэвт илтгэлээрээ ШУТИС, БУХС-ийн магистрант Ж.Мөнхдэлгэр тусгай байруудад тус тус шалгарав. Дээрх илтгэлүүд 2021-04-22-нд болох Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдэх эрх авсан билээ.