Монгол улсын гарамгай мэргэн Шомбонгийн Батсүхийн “МИНИЙ МЭДЭХ ШАГАЙН ХАРВАА” бүтээл олон түмний хүртээл боллоо. Өмнөговь аймгийн харьяат монгол шагайн харвааны өвлөн тээгч, ахмад харваач Ш.Батсүх “дотроо уудлан” өөрийн цуглуулсан олон жилийн судалгаа, баримт материал, цагийн цагт өртөөлөн авч ирсэн алтан үеийн буурал харваачид, алдартай мэргэчүүдийн аман яриа, хууч домог, адал явдал түүнээс гадна өөрийн нүдээр үзэж, чихээр сонсож мэдсэн зүйл дээрээ тулгуурлан шагайн харвааны уламжлалт ёс заншил ямар байсан, ямар дэг дэглэмийг сахьж, ямар үг үйлдлийг цээрлэж байсан тухай шүүн нягталж, хураангуйлан нэгтгэж, иш үндэс болгон нарийн тодорхой оруулсан онцлог бүтээл болжээ. Уг номыг монгол шагайн харваа судлаач, магистрант Ж.Мөнхдэлгэр редакторласан юм.
Тус бүтээлийн агуулга үнэхээр өргөн дэлгэр хийгээд шагайн харвааны хэрэгсэл, ёс заншил, тэдгээрийн үүсэл, түүхэн хөгжил бүгдийг шингээсэн нь харваачид төдийгүй шагайн харвааг сонирхогч, судлаач хэн бүхэнд эмх цэгц, дэс дараатай тодорхой ойлголт өгөхүйц бүтээл болж чаджээ. Үе үеийн цуутай харваачид, тэдний хувь хүний болон харваачийн онцлог, тэдэнтэй холбоотой сонин содон түүх дурсамжийг бичсэн нь сонирхолтой.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ