Монгол Улсын Соёлын Яамнаас санаачлан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Шагайн Харвааны Холбоо хамтран зохион байгуулж буй соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх “МОНГОЛ ШАГАЙН ХАРВАА” үзэсгэлэн 2022 оны 04 дүгээр сарын 19-өөс 28-ны өдрүүдэд тус музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
Тус үзэсгэлэнд үе үеийн алдарт харваачдын 100 гаруй гэрэл зураг, тэдний эдэлж хэрэглэж байсан хашлага, сум, хасаа, зурхай, тохой, сандал гэх зэрэг эдлэл хэрэглэл /жишээ нь Маршал Х.Чойбалсангийн тоглож байсан хасаа, алдарт Нэлгэр хүрэн зурхай, МШХХ-ны Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж Дархан Мэргэн М.Нямаагийн эдэлж хэрэглэж буй цалин мөнгөөр чимэглэсэн сэндэн модон иж бүрэн орчин цагийн аравч, сэнтий, зурхай/, сонин сэтгүүлд өгч байсан дурсамж, ярилцлагууд, улс, аймаг, бүсийн болон нэрэмжит тэмцээнүүдийн үеэр олгогдож байсан медаль, диплом, баярын бичиг, өргөмжлөл, эвхэгддэг аяны зурхай гэх зэрэг 200 орчим үзмэрүүд дэлгэгдсэн тул та бүхэн үзэсгэлэнг зорин ирж “МОНГОЛ ШАГАЙН ХАРВАА” өвийн талаар илүү ихийг танин мэдээрэй.