Нийслэл хотын 383 жилийн ойн хүрээнд Монгол улсыг олон улсад сурталчлах, Юнескогийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом шагайн харвааг өргөн дэлгэр хөгжүүлэх, уламжлалт ёс жаягийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас санаачлан Монголын Шагайн Харвааны Холбоотой хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Уухай” үндэсний шагайн харвааны наадам 11-р сарын 05, 06-ны өдрүүдэд Скай Резортод амжилттай зохион байгуулагдлаа.
Тус наадамд нийслэл, орон нутгийн 69 багийн харваачид цэц мэргээ сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Дорноговь аймгийн харьяат аймгийн гоц мэргэн Р.Мөнх-Очир ахлагчтай ДТВ баг, дэд байрт Өвөрхангай аймгийн харьяат монгол улсын мэргэн Л.Батжаргал ахлагчтай Шонхор баг, гутгаар байрт Төв аймгийн харьяат харваач Р.Гансүх ахлагчтай Хөтөл нуур баг, тусгай байрт Хэнтий аймгийн харьяат монгол улсын мэргэн Б.Түмэннасан ахлагчтай Бэрх багууд тус тус шалгарлаа. Наадмын шагнал болох алт, мөнгө, хүрэл цом, өргөмжлөл, медалийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын захиргаа, санхүү удирдлагын газрын дарга Х.Содномдэмбэрэл гардуулсан юм. Наадамд амжилттай оролцсон нийт харваач, өвлөн тээгчдэдээ оноо нь мэргэн, хараа хурц, уухай нь цээл байхын өлзийтэй ерөөл өргөе.