2023 оны Монгол төрийн наадам 07 дугаар сарын 06-ны өдөр үндэсний шагайн харваагаар эхэлсэн бөгөөд Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын шагайн харвааны тэмцээний ахмадын багийн төрөлд 21 багийн 161 харваач оролцсон бол өсвөрийн төрөлд 10 багийн 79 харваач оролцсон билээ. Ахмадын багийн төрөлд дараах багууд шилдгээр тодров. Үүнд:
Г.Тогтохбүрэн ахлагчтай Дундговь аймгийн Дэлгэр Луу Адаацаг баг тэргүүн байр
Г.Нинжпэрэнлэй ахлагчтай Булган аймгийн Дайчин вангийнхан баг дэд байр
Ж.Чулуун ахлагчтай Сүхбаатар аймгийн Баясгалан баг гутгаар байр
Т.Базарханд ахлагчтай Улаанбаатар хотын Ноён Домбо баг шагналт байрт тус тус шалгарсан юм.
Энэ жилийн баяр наадамд өсвөрийн төрөл анх удаа орсноороо онцлогтой. Тус төрөлд:
Д.Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн Хулшанд баг тэргүүн байр
Н.Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн Алтанговь Транс ХХК-ий баг дэд байр
Э.Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Өв Алтан Аргай Шонхор баг гутгаар байр
Б.Хангэрэл ахлагчтай Төв аймгийн Аргалант сумын Нөхөрлөл баг шагналт байрт тус бүр шалгарлаа.
Тэнгэрлэг наадгай шагайн харваа зүг бүртээ түгэн дэлгэрэх болтугай.