Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын Шагайн харваанд 36 багийн 300 гаруй харваачид оролцсоноос нэгдүгээр байрт Дэд мэргэн цолтой Р.Ганболд ахлагчтай “Гарьд тур” баг орсон. Харин хоёрдугаар байранд Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Ховд хөгжлийн төлөө сан” баг эзэллээ. Энэ жил 6-16 насны зургаан хүүхэд баг болон оролцож, томчуудтай эн тэнцүүхэн сайхан тоглолтыг үзүүлжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цагаан овоо сумын Т.Идэрзориг ахлагчтай багийн тамирчин 19 настай Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын шагайн харвааны шинэ рекордыг тогтоолоо. Тэрбээр цуваа харваанд 20 харвахаас бүгдийг нь оносон бөгөөд үзэгчдийн хүсэлтээр цааш үргэлжлүүлэн, тасралтгүй 43 харваж, байгаа оносон юм. Б.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын хүндэт харваач Д.Дэмчигийн ач хүү аж. Шагайн харвааны үеэр Шагайн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Басхүүтэй цөөн хором ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу. Энэ жилийн шагайн харваачид хэр мэргэн байна?
-Харваачид тун мэргэн байна. 43 онож, шагайн харвааны дээд амжилтыг эвдлээ. Мөн өсвөр насныхнаас бүрдсэн харваачдын баг сайхан харвалаа. Шагайн харваа жилээс жилд дэлгэр сайхан болж байна.
-Гадаадад байгаа Монголчууд шагай харваж наадаж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монголчууд олноороо сурч, ажилладаг Солонгос, Польш, Франц, АНУ-д наадмаар шагайн харвааны аваргаа тодруулж байна гэдгээ мэдэгдсэн. Өнгөрсөн онд манай шагайн харвааны төлөөлөл таван хүн Сан-Франциско хотод очиж, Монголчуудын аваргыг шалгаруулсан. Энэ жил ч бас манай арваад хүн АНУ-ын Сан-Франциско хотод очиж, тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. Шагайн харвааг гадны улс орон их сонирхож байна.
-Шагайн харвааны түүхийг уншигчид сонирхож байгаа байх. Тэр талаар сонирхуулаач?
-Манай улс эртнээс өөрсдийн аж амьдралаас үүдэлтэй олон янзын тоглоом наадгайгаар тоглож байсан түүх бий. Тодорхой дүрэм журамтай. Хубилай хааны үед шагай харваж байсан тухай Хятадын эртний шар зурхай гэдэг номд байдаг юм билээ. Мөн Монголын нууц товчоо номонд Тэмүжин, Жамухтай анд бололцох үедээ шагайн харваагаар наадаж байсан талаар бичсэн байдаг. Харин өнгөрсөн нийгмийн үед шагайн харвааг лам нарын тоглоом хэмээн сурталчилж тодорхой хэмжээнд хориглож байлаа. 1990-ээд оноос хойш нээлттэй болсноор хөгжих боломжтой болсон. Энэ хугацаанд жил бүр улсын аваргаа тодруулж, сүүлийн 11 жил Улсын баяр наадамд зохиогдох болсон. Үзэгчид сонирхогчид ч хүрээгээ их тэлж байна.
эх сурвалж: https://gogo.mn/