-Энэ жил хэдэн харваач оролцож байгаа вэ?
-88 багийн 764 харваач бүртгүүлсэн.
-Шагайн харваанд оролцож буй хамгийн ахмад, залуу харваач хэдэн настай вэ?
-Хамгийн ахмад харваач 82 настай. Шагайн харваа насанд хүргэгчдийн тэмцээн. Гэхдээ энэ жил 17 настай хүүхэд оролцож байгаа.
-Сүүлийн жилүүдэд шагайн харваагаар залуучууд их хичээллэх болсон. Энэ талаар?
-Энэ жилийн наадмын шагайн харваанд оролцож буй хүмүүсийн 67.4 хувь нь 35-аас доош насныхан байна. Тиймээс шагайн харваа залуусын сонирхлыг ихээхэн татаж буйн нотолгоо. Залуус энэ сайхан өв соёлоо улам дэлгэрүүлэх хэрэгтэй. Төр засаг шагайн харвааг дэлгэрүүлэх ажилд ихээхэн дэмжлэг үзүүлэх болсон нь сайшаалтай. 1998 оноос шагайн харваа Үндэсний их баяр наадмын нэгээхэн хэсэг болсон. Шагайн харвааг бараг Үндэсний их баяр наадмын дөрөв дэх төрөл болгож оруулж ирсэн.
-Шагайн харвааг үзэхээр их олон жуулчин иржээ. Жилээс жилд энэхүү тоо нэмэгдсээр байгаа?
-Тийм ээ. Шагайн харвааг хамгийн олон жуулчин үзэхээр ирдэг. Жуулчдын анхаарлыг ихээхэн татаж буй учир биднийг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгаа. Шагайн харвааг албан ёсоор Үндэсний их баяр наадмын төрөл болгох асуудлаар албаны хүмүүс ярилцаж, хэлэлцэж байгаа.
-Шагайн харвааг олон улсад таниулах, сурталчилах ажил хийгдэж байна уу. Энэ талаар?
-Шагай харваа XIII зуунд үүссэн, ихээхэн ур чадвар шаардсан спорт. Энэ талаар ч Монголын нууц товчоо зэрэг түүхэн судрууд дээр тэмдэглэн үлдсэн. Шагайн харваа яахын аргагүй Монголын үнэт өв билээ. Шагайн харваа анх тоглоом наадгай байсан бол одоо үед үндэсний спортын төрөл болтлоо хөгжжээ. Сүүлийн жилүүдэд шагайн харвааг олон улсад таниулах шат дараатай томоохон ажил зохион байгуулагдаж байна. Мөн дэлхийн томоохон хотуудад ч шагайн харваагаар хичээлдэг ихэсч, энэ спортын цар хүрээ тэлсээр байгаа. АНУ болон Европын зарим орнуудад Монголын шагайн холбоо ажиллаж, шагайн харвааг сурталчилах ажлыг сайтар зохион байгуулж байна. Европын орнуудад салбар хороод ажиллах болсон. Саяхан хийсэн судалгаагаар “Монгол Улсын 330 сумын 257 суманд нь шагайн харваагаар хичээлдэг хүмүүс бий” гэдгийг тогтоосон. Эдгээр сумуудад Монголын Шагайн холбооны зөвлөхүүд ажиллаж, зөвлөгөө өгч байгаа. Тийм учраас шагайн харваа Монголд эрчимтэй хөгжиж байна.
ярилцсан: Б.Дэлгэрцэцэг
эх сурвалж: http://www.shuud.mn/